Хүүхэд, залуучууд, гэр бүлийг чадваржуулах “ЭРХ ҮҮРЭГ ОРОЛЦОО” амьдрах ухааны багцийн үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Европын холбоо, ОУХБ-ын дэмжлэгтэйгээр эрсдэлт бүлгийн хүүхэд, гэр бүл, залуучуудтай ажиллах, тэднийг сургаж чадавхжуулах зорилгоор “Эрх, үүрэг, оролцоо” сэдэвт амьдрах ухааны сургалтын багцыг үндэснийхээ нөхцөлд нийцүүлж шинэчлэн боловсруулаад байна.
Энэхүү багц гарын авлага нь зорилтот бүлгийн хүн амд хүүхдийн хөдөлмөр, жендэрийн эрх тэгш байдал болон бусад олон чухал асуудлаар ойлголт өгөх, тэдгээртэй холбоотойгоор тэдний эдлэх эрх, хүлээх үүрэг, төлөөлөл, оролцооны талаар мэдлэг олгох, улмаар тэднийг амьдрал ахуйн болон ажил хөдөлмөрийн хүрээнд зөв мэдээлэлд үндэслэн ухаалаг шийдвэр гаргах, байгаа бололцоогоо дайчлах, шинэ боломжийг эрэлхийлэх, гэр бүл, орон нутаг, хамт олныхоо дунд дуу хоолойгоо илэрхийлэх чадавхтай болгох зорилготой юм.
Монгол улсын хэмжээнд эрсдэлт бүлгийн гэр бүлийн хүүхэд, залуучууд, хөдөө орон нутгийн иргэд, шилжин суурьшигчид зэрэг янз бүрийн зорилтот бүлэгт хүрч ажиллах нийгмийн ажилтнууд, хүүхэд хамгааллын ажилтнууд, хамтарсан багийн гишүүд, залуучууд хөгжлийн болон гэр бүлд зөвлөгөө өгөх төвийн ажилтнууд, төрийн бус байгууллагын ажилтнуудыг уг сургалтын багцын дагуу сургах сургагч багш нарыг бэлтгэх сургалт өнөөдөр эхэлж байна. Олон улсын болон үндэсний сургагч нар хамтран явуулж буй уг сургалтад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, хүүхэд, залуучууд, гэр бүлтэй ажилладаг төрийн бус байгууллагын ажилтнууд нийт 38 хүнийг бэлттгэж байна.
ОУХБ-аас Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хэрэгжүүлэх, тайлагнах үндэсний чадавхийг бэхжүүлэх замаар Монгол Улсын GSP+ статусыг хадгалах нь” төслийн хүрээнд энэхүү амьдрах ухааны сургалтын багц боловсруулах, сургагч багш бэлтгэх ажилд дэмжлэг үзүүлж байна.
Мөн энэхүү сургалтыг цаашид Залуучуудын хөгжлйийн төв, Гэр бүлийн хөгжлийг дэмжих төвөөр дамжуулан хүргэхээр төлөвлөж байна.