ШӨХТГ-аас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд анхааруулга хүргэлээ
2020/01/09

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас (ШӨХТГ) УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим шинэ заалтуудыг мөрдөж ажиллахыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд анхаарууллаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал дараах үйл ажиллагааг хийхийг хориглосон ба ШӨХТГ-аас хянаж ажиллахаар болжээ. Үүнд:

  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах
  • Хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах гэрээ байгуулах зэрэг болно.

Уг мэдэгдэл, анхааруулгыг зөрчсөн тохиолдолд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг болон цахим хуудасны хандалт, үйл ажиллагааг зогсоох дүгнэлт гаргах юм. Тус дүгнэлтийг тусгай эрх олгосон байгууллагад нь хүргэж санал хураалтын дүн гарах өдөр хүртэлх хугацаанд үйл ажиллагааг нь зогсоох аж.

ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг “Хэвлэл мэдээллийн байгууллагууд уг зүйл заалтыг зөрчвөл эхний удаа сануулга хүргүүлнэ. Харин хоёр дахь удаа ямар нэг сануулга хүргүүлэлгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад нь сонгуулийн санал хураалтын үр дүн гарах өдөр хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрлийг нь цуцал гэсэн дүгнэлт хүргүүлнэ. Өөрөөр хэлбэл зарим хэвлэл мэдээллийн сайт харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл авдаг бол бид ХХЗХ-нд үйл ажиллагааг нь зогсоо гэдэг дүгнэлтээ хүргүүлнэ. Ингээд тус байгууллага манай байгууллагын дүгнэлтийг үндэслээд үйл ажиллагааг нь зогсооно” гэв.

Тус хуулийг зөрчсөн мэдээ мэдээллийн талаарх гомдол, мэдээллийг 1800-1284 утсаар нотлох баримтын хамт хэрэглэгчдээс хүлээн авч шийдвэрлэх аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404