Тэтгэвэр зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2020/01/09

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг чөлөөлж, шинээр томиллоо

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.01.08) нэгдсэн хуралдаан 15 цаг 46 минутад 50.7 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

 Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хороо нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байхаар заасан. Түүнчлэн хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилохоор зохицуулсан байдаг.

Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүн өөр ажилд томилогдсон учраас гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх шаардлага үүсчээ.

Энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Гочоосүрэнгийн Байгалмаа, Эрдэнэбилэгийн Батболд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.

Нэр дэвшигч Г.Байгалмаа нь 2002-206 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тогтоол гүйцэтгэгч, 2012 онд Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын зөвлөх, 2012-2015 онд Барилга, хот байгуулалтын дэд сайд, 2016 онд Улсын Их Хурлын даргын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2017 оноос  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа.

Нэр дэвшигч Э.Батболд нь 2006 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг бизнесийн улирдлагын мэргэжлээр төгсөж, 2010-2012 онд АНУ-ын Вашингтоны Ди Си Стрейр их сургуульд бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. 2007-2013 онд Санхүүгийн зохицуулах хороонд хянан шалгагч, улсын байцаагч, 2013-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд эдийн засагч, 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга, даргын үүрэг гүйцэтгэгч, 2016-2018 онд “Улаанбаатар хотын даатгал” ХХК-д зөвлөхөөр ажилла байжээ. 2018 оноос Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаа аж.

Харин Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас шүүгчдийн олонхын санал авсан Дугардоржийн Баяндүүрэн, Одонмажигийн Амгаланбаатар нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар санал болгож, нэр дэвшүүлсэн талаарх танилцуулгыг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэн танилцуулсан юм.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж санал хураалт явуулахад  нэр дэвшигч Д.Баяндүүрэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 93.7 хувийн, нэр дэвшигч О.Амгаланбаатар 66.7 хувийн санал авчээ.

Нэр дэвшигч Д.Баяндүүрэн нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй бөгөөд 1988-1991 онд Төв аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны хуулийн хэлтэст ахлах зөвлөх, арбиртч, 1991-1992 онд Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын Тамгын газарт мэргэжилтэн, 1992-2006 онд Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга, референт, ахлах референтээр тус тус ажилласан. 2006 оноос өнөөг хүртэл Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байгаа юм.

Нэр дэвшигч О.Амгаланбаатар нь инженер, эрх зүйч мэргэжилтэй, төрийн захиргааны менежментийн магистр зэрэгтэй бөгөөд 1999-2000 онд Үндэсний архивын газарт техникч, 2000-2003 онд нийслэлийн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын албанд шинжээч, 2003-2009 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт улсын байцаагч, ахлах байцаагч, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд газрын орлогч дарга, 2014 онд Улсын Их Хурлын Тамгын газарт референт, 2014-2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргаар ажиллаж иржээ. Улмаар 2018 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа аж.  

Харин Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Бямбажавын Ганбатыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буйг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм.

Нэр дэвшигч Б.Ганбат нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй, 1990-1995 онд Дорноговь аймаг, нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч,  1995-2013 онд Сангийн яамны Тамгын газар, Хуулийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлага, эрх зүйн газарт хуулийн зөвлөх, хуулийн ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга бөгөөд хуулийн хэлтсийн дарга, яамны Хууль, эрх зүйн газрын орлогч дарга, газрын дарга, 2014-2018 онд Дэлхийн банканд експерт, Монголын хуульчдын холбоонд өмгөөлөгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажилласан. Улмаар 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа. Тэрбээр өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр  ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа нь дууссан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооноос түүнийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр улируулан томилуулах санал гаргажээ.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд нэр дэвшигчдийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм.

Танилцуулгууд болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд эхлээд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Б.Билэгт, Д.Эрдэнэчулуун, Н.Дагва нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөв. Үргэлжлүүлэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад нэр дэвшигч Ч.Байгалмааг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.3 хувь нь, нэр дэвшигч Э.Батболдыг 68.3, Б.Баяндүүрэнг 70.7, Б.Ганбатыг 65.9, О.Амгаланбаатарыг 63.4 хувь нь тус тус дэмжиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилов.

Дараа нь Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг чуулганы 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан, үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд чуулганы өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 56.4 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөлийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, орон сууцны ашиглалтыг хариуцах мэргэжлийн байгууллага, сууц өмчлөгчдийн холбооны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, тэдгээрийн үйл ажиллагааны цар хүрээ, эрх үүргийг шинээр тодорхойлох, санхүүгийн механизмыг бий болгох, түрээсийн орон сууцны зохицуулалтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагын эрх, үүргийг тодорхой болгох, хууль хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ.

Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан юм.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020 оны 1 дүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн өрийн дарамтаас чөлөөлөх, байгалийн баялагийн орлогын өгөөж болох Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа төлөх хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Энэ үндсэн дээр ажлын хэсэг иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нухацтай ярилцан, санал шийдлээ Засгийн газарт танилцуулж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийтдээ 422.9 мянган иргэн тэтгэвэр авч байгаа бөгөөд нийт тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 228.6 мянган тэтгэвэр авагч 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч байна. Тиймээс тэтгэвэр авагчдыг тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Засгийн газар 2016 оноос эхлэн зээлийн хүүг бууруулах шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж, нэг жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 2017, 2018 онуудад тус бүр 3 хувиар, 2019 онд 2 хувиар бууруулж 10 хувьд, нэг жилээс дээш хугацаатай зээлийн хүүг 2.4 хувиар бууруулж 15.6 хувьд хүргэсэн. Түүнчлэн сарын тэтгэврийн 70 хувийг зээл хэлбэрээр олгож, үлдэх 30 хувьд ногдох тэтгэврийг сар бүр иргэдийн гарт очиж байхаар шийдвэрлэж ирснийг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Иргэдийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар төсөлд тусгажээ.

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд "Эрдэнэс Монгол” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий мөнгө, алтны ордуудад төрийн эрхийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилгоор 2019 онд “Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани хэлбэрээр “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг байгуулан, Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр Салхитын мөнгө, алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус компанид шилжүүлжээ. Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор “Салхитын ордын цэвэр ашиг 1 их наяд гаруй төгрөгөөс давахаар байгаа аж.

Иймээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын орлогын төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөх боломжтой гэж Засгийн газар үзэж байгааг салбарын сайд дурдаж байв. Мөн уг хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасантай нийцэж байгааг тодотгосон юм.

Хуулийн төслийг дагалдуулан цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалан зээл олгохгүй байхаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх арга хэмжээ авч буйтай холбогдуулан тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээг зогсоох, өөр бүтээгдэхүүнээр солих, эсвэл богино хугацаатай тэтгэврийн урьдчилгаа бүтээгдэхүүн бий болгох нь зүйтэй гэсэн саналыг ажлын хэсэг гаргажээ.

Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Д.Оюунхорол нар нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцов.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, О.Батнасан, М.Билэгт, Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Б.Пүрэвдорж, Л.Болд, Д.Ганболд, Н.Цэрэнбат, З.Нарантуяа нар салбарын сайд болон Байнгын хороо, ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авлаа. Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Л.Болд, Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Байнгын хороодын саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80.5 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр   Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404