Ц.Мөнх-Оргил: 10 саяас дээш төгрөгийн зээл бүгд оны сүүлээр гарсан байна
2020/01/08

 “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг хэлэлцэж үеэр гишүүд  хуулийн төслийн талаар ажлын хэсгээс асуулт асуусан юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:

Төв банк ямар эх үүсвэрээр бонд худалдаж авах юм бэ. 2012-2016 онуудад Монголбанкинд ажиллаж байсан хэсэг нөхөд Монголбанкны өөрийн хөрөнгийг хасах 3 их наяд төгрөг болгосон. 2018 оны гүйцэтгэлээр одоогийн ажиллаж байгаа хүмүүсийн зүтгэлээр энэ  тоог хасах 1.5 их наяд төгрөг болгож бууруулсан. 2019 оны гүйцэтгэлээр энэ алдагдлын хэмжээ хэд болсон бэ. Мөн тэтгэврийн зээлийн хэмжээг тэглэх иргэн банк хоорондын харилцааг Засгийн газар батлах юм уу, үгүй юу. Засгийн газар оролцохгүй гэж төсөлд тусгасан байна. Ахмад настны эрхзүйн байдлын тухай хууль гэж бий. Энэ хуульд ахмад настны өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тэтгэвэр, тэтгэмж, үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх, барьцаалахыг хориглоно гэсэн заалттай. Үүнийг яаж зохицуулж байгаа юм бэ.

МОНГОЛБАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ:

Төв банкинд Эрдэнэс Ресурс үнэт металь худалдаалах таван жилийн гэрээ байгуулсан.Үүнийг нь ирээдүйд Монголбанк худалдаж авна гэдэг байдлаар зохицуулж байгаа. Төв банкинд одоогоор эх үүсвэр байхгүй учир шинээр мөнгөний нийлүүлэлт хийгдэх нөхцөл байдал үүссэн. 2019 оны жилийн эцсийн байдлаар Монголбанкны өөрийн хөрөнгийн хэмжээ хасах 1.8 их наяд төгрөг буюу алдагдалтай байгаа гэсэн үг. Он гараад алтны үнэ өсөлттэй байгаагаас шалтгаалж дээрх тоо буурна.

ХНХ-ЫН САЙД С.ЧИНЗОРИГ:

-ҮАБЗ-ийн хэмжээнд тэтгэврийн зээлийг тэглэх хүрээнд ярьсан учраас 6 сая төгрөг хүртэлх гэдэг хязгаарлалтыг Засгийн газрын хуралдаанаар хассан. Одоогийн үйлчилж байгаа хуулиар ахмад настан өөрөө зөвшөөрөөгүй  бол тэтгэвэр, тэтгэмж, үл хөдлөх хөрөнгийг нь барьцаалахыг хориглоно гэсэн. Төрөөс тэтгэврийн зээлийг тэглэх нэг удаагийн арга хэмжээ аваад цаашид тэтгэвэр барьцаалан зээл олгохыг шууд хориглоно. Цаашдаа өрхийн орлогыг дэмжсэн бүтээгдэхүүн гаргах уу, эсвэл богино хугацаатай хүүгүй  тэтгэврийн урьдчилгаа гэсэн бүтээгдэхүүн гаргах уу гэж Монголбанктай ярилцаж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВА:

Нийгэмд талцал авчирсан сэдэв болоод байна. Ядуу амьдралтай, захын хороололд амьдардаг иргэдэд зээлийн дарамт болж байгаа нь үнэн. Тэтгэврийн зээл олон жилээр урьдчилаад авсан иргэдийг нэг талаар дэмжих нь зөв. Хоёрдугаарт судалгааг хэр хийсэн бэ. Хэчнээн ахмад хэдэн сая төгрөг хүртэлх зээлтэй байгаа юм бэ. Нэгбүрчлэн гаргасан ангилал, тоо баримт байна уу. Эрсдэлийн зээлтэй хүмүүс ч байгаа. Мөн эрсдэлгүй зээлтэй хэдэн хүн байгаа вэ. Банкны нөхөд баярлаж байгаа байх. Эрсдэлтэй зээлийг нь төр хаах гэж байгаа учраас. Зээл аваагүй атлаа амьдралаа арай гэж залгуулж байгаа ахмад ч бий. Тэдэнд ямар нэгэн бодлого хэрэгжихгүй юм уу. Ялгаварлан гадуурхалт болох юм биш үү. Байгалын баялгийг гаднынхан хэдэн тэрбум, доллараар авч байхад хэдэн ядарсан ахмаддаа тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх нь зөв. Гол нь ялгавартай хандаж байгаа нь Үндсэн хуулийн зарчмыг зөрчинө. Зээл тэглэх сургаар оны төгсгөлд зээл авсан хүмүүс байгаа юм биш биз. Банкны нөхөд шивэр авир яриад ах дүү, хамаатан садандаа зээл олгосон асуудал гарах вий. Ахмадаа харж үзэх цаг нь болсон гэдэгтээ зарчмын хувьд санал нэгдэж байгаа.

ХНХ-ЫН САЙД С.ЧИНЗОРИГ:

Бүлгээс Д.Оюунхорол гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Хоёр ажлын хэсэг саналуудаа нэгтгэх боломжтой. Арилжааны банкуудаас судалгаа сайтар авсан. 578 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл байгаагаас 112 мянган иргэн 3 хүртэлх сая төгрөгийн, 142 мянган ахмад 4 сая хүртэлх нийтдээ тэтгэврийн зээлтэй ахмадын 90.6 хувь нь 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. 22 мянган иргэний 10 хувь орчим нь 6 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. Хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүү тэрбум 150 сая төгрөг байгаа. Энэ нь эрсдэлтэй зээл гэсэн үг. Хардлага сэрдлэг байхгүй. ҮАБЗ маш нууцын зэрэглэлтэйгээр гаргасан ийм шийдвэр. Зөвлөмжийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр бид Засгийн газрын хуралдаанаар мэдээллийг авсан арваннэгдүгээр сарын 31-ны байдлаар нийт зээлийн үлдэгдэл 775 тэрбум төгрөг байсан зээл жилийн эцсээр эсрэгээрээ буурч 758 тэрбум төгрөг болж буурсан. Үндсэндээ нэг сарын дотор 17 тэрбум төгрөгийн зээл дарагдсан.

Монголбанк:

2019 оны жилийн эцсийн байдлаар нийт 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл байна. Үүний 0.7 хувь нь чанаргүй зээл.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Нарийн судалгаатай орж ирэх ёстой. Миний ойлгосноор 10 саяас дээш төгрөгийн зээл бүгд оны сүүлээр гарсан байна лээ шүү. ҮАБЗ-өөс гарсан шийдвэрийн дараа гэсэн үг.  Энэ зээлүүд нь нийтдээ 100 гаруй тэрбум төгрөг болж байгаа. Зөвлөмж яг хэзээ гарсан юм бэ. Тоонуудаа нарийн гаргаж ирээ, маш их хэмжээний мөнгө оны сүүлээр гарсан шүү.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404