Боловсролын салбарт бүтээн байгуулалт эрчимжиж байна
2018/08/07

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд холбогдох мэргэжлийн хүмүүсийн хамт боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, зарим цэцэрлэг, сургуулийн бүтээн байгуулалт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа.

Нийслэлд 2018 онд улсын төсвөөс 106.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 18880 суудал бүхий 34 сургууль болон сургуулийн өргөтгөлийн барилга, 5 сургуулийн спорт танхимын барилга, “Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн 9345 ор бүхий 52 цэцэрлэгийн барилга, гурван бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилгыг тус тус барьж эхлүүлсэн. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар дөрвөн сургууль, АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр есөн сургууль, 22 цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэ жил Улаанбаатар хотод боловсролын салбарын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. УИХ, ЗГ-аас тавьсан зорилтын хүрээнд нийслэлийн бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх, цэцэрлэгийн хүүхдийн хамрагдалтыг олон улсын стандарт буюу 85 хувьд хүргэх зорилт тавьсан. 34 сургууль, 52 цэцэрлэгийн барилгын ажлыг шинээр эхлээд байна. Энэ бүх барилгууд 2019 оны хичээлийн жилд ашиглалтад орох учиртай. Хамгийн хүндрэлтэй асуудал газар болоод байна. Газрыг нөхөн олговортойгоор иргэдээс худалдан авч байна. Газар чөлөөлөлтийн зардлыг нийслэлийн төсөвт тусгаад явж байна. Ирэх жилээс газар чөлөөлөлтийн зардлыг сургууль, цэцэрлэгийн барих төсөвт нь цуг тавих хүсэлтийг Сангийн яаманд хүргээд байгаа.

Энэ оны хувьд нийслэлийн хэмжээнд 18 цэцэрлэг ашиглалтад оруулна эхний тав нь ашиглалтад орсон, тав нь хичээлийн шинэ жилээс өмнө, үлдсэн нь энэ ондоо багтаад ашиглалтад орно” хэмээв

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404