МҮБХ-ныхон Шадар сайд Ө.Энхтүвшин, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарт хандлаа
2018/06/12

МҮБХ-ныхон Шадар сайд Ө.Энхтүвшин, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарт хандаж гомдол гаргалаа. Ингэхдээ ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгаланг хууль бус үйлдлээ зогсоохыг шаардаж, асуудалд үнэн зөвөөр хандахад анхаарлаа хандуулж өгөхийг хүсч байгаагаа илэрхийлжээ.

Тодруулбал, гурван шатны найман удаагийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарыг хууль бусаар сонгогдсоныг тогтоож, элдэв үйл ажиллагаа явуулахгүй байх шүүгчийн захирамж гарсан. Мөн тэдний хэрэглэж буй тамга тэмдэгийг ч хүчингүй болгох шийдвэр гарсан. Гэтэл ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нь элдэв үйл ажиллагаа явуулах эрхгүй, тамга тэмдэг нь хүчин төгөлдөр бус хүмүүсийн төлөөллөөс Үндэсний их баяр наадмын комиссын бүрэлдэхүүнд оруулахаар болсон гэж МҮБХ-ноос гомдол гаргажээ.

Гомдолдоо “Хуульзүй Дотоод Хэргийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нь 8 удаагийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолууд, тус яамны харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллага, Оюуны Өмч Улсын Бүртгэлийн Газрын шийдвэрүүдийг зөрчин нэг нам, нэг фракц, дотны найз, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн ойр дотны хүмүүсийг баяр наадмыг зохион байгуулах  комисст оруулж, албан ёсны МҮБХ-ны төлөөллийг оруулахгүй хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаад харамсаж, арга буюу танд хандаж байна” хэмээн дурджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, ОӨУБЕГ бол ХЗДХЯ-ны харьяа агентлагууд. Ийнхүү өөрийнхөө удирдаж буй газруудынхаа шийдвэрийг үл тоож, баяр наадмын комисст МҮБХ-г төлөөлөх эрхгүй хүмүүсийг оролцуулж байгаа нь эргээд баяр наадмыг будлиантуулах вий гэсэн болгоомжлол МҮБХ-ныхонд байна. Тодруулбал, тэд гомдолдоо “Нэг нам, журмын нөхөр гэх ойлголтоос болж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолууд, тус яамны харьяа агентлагуудын хүчин төгөлдөр шийдвэрүүдийг зөрчин хууль бус, МҮБХ-г төлөөлх эрхгүй дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн ойр дотны хүмүүсийг Баяр наадмын комиссын бүрэлдэхүүнд оруулж будлиантай наадам зохион байгуулахгүй байхыг, албан ёсны МҮБХ-ны төлөөллийг Баяр Наадмыг Зохион Байгуулах Комисст оруулж өгөхийг хүсч  байна” хэмээн дурджээ.

Ингээд уг гомдлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
lkgjljk::1
adf
2018/06/12
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404