Канберра хотын агаарын бохирдол аюултай түвшнээс 26 дахин давжээ
2020/01/03

 Австралийн зүүн өмнөд эрэгт дэгдэж буй ойн түймрийн улмаас тус улсын нийслэл Канберра хотын агаарын бохирдол “эрүүл мэндэд аюултай” түвшнээс 26 дахин давсан тухай “The Canberra Times” сонин мэдээлжээ.

 

Канберра нь нийслэл хотын бүсийн цорын ганц хот юм. Уг хэвлэлд мэдээлснээр, өтгөн утаа бүрхсэний улмаас Канберра хотын аялал жуулчлалын газрууд, музей, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд, мөн спортын бараг байгууламжийг хаасан байна.

 

Хотын төвд оршдог Австралийн үндэсний их сургууль оюутны хотхонууд, танхимуудаа хаасан бол Австралийн шуудан Канберра хот руу хийдэг хүргэлтээ түр зогсоож, зургаан салбараа хаасан байна. Утааны улмаас утаа мэдрэгч нь асаж, галын сэрэмжлүүлгийн дохиоллыг ажиллуулж байгаа учир хотын төвд орон сууц, оффис эзэмшигчид галын аюулгүй байдлын системийг унтраахаас аргагүйд хүрчээ.

 

Бүс нутгийн эрүүл мэндийн газраас агаарын бохирдол аюултай түвшинд хүрсэн тухай сэрэмжлүүлж, нийслэл хотын оршин суугчид болон зочдод гадуур байх цагаа багасгахыг зөвлөсөн байна. Ойн түймрээс үүссэн өтгөн утаа хэд хоногийн турш хотыг бүрхэх төлөвтэй байгаа аж.

 

Австралийн зүүн эрэгт өнгөрсөн оны 10 дугаар сарын дундуур ойн түймэр дэгдсэн байна. Одоогийн байдлаар тус улсын өмнөд нутгийн Шинэ Өмнөд Уэльс болон Виктория мужийн томоохон газар нутаг түймэрт автаад байгаа юм. Өмнөд эргийн хэд хэдэн бүс нутаг жуулчдад хаалттай байгаа бөгөөд оршин суугчид нь нэн даруй нүүх зөвлөмж авчээ. Түймэрт 4 сая гаруй га ой шатаж, гурван гал сөнөөгчийг оруулаад 15 хүн амиа алдсанаас гадна, 17 хүн сураггүй болсон байна. Түүнчлэн 1300 гаруй байшин, захиргааны болон аж ахуйн зориулалттай 2500 орчим барилга сүйджээ.

 

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404