НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧААР ШАЛГАРАВ
2019/12/31

Цахим салбарын шилдгүүдийг тодруулах “web awards 2019 цахим салбарын тэргүүн наадам /2019.12.30/ боллоо. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбоо хамтран зохион байгуулсан энэхүү наадмын “нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний хөрөнгө оруулагч”-аар Монгол Улсын Хөгжлийн банк шалгарч өргөмжлөл цомын эзэн боллоо. Шагналыг Монгол Улсын Хөгжлийн Банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат гардаж авсан юм.

Монгол Улсын Хөгжлийн банк нь 2019 оны эхний 11 сард төсөл, хөтөлбөрүүдэд нийт 620.1 тэрбум төгрөгийн зээлийг олгосон бөгөөд үүнд Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 314.7 (51%тэрбум төгрөг, Цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарт 107.2 (17%) тэрбум төгрөг, Уул уурхай, олборлолтын салбарт 83.8 (14%) тэрбум төгрөгийг олгосон бол бусад салбарт 113.7 (18%) тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон байна.

Монгол Улсын Хөгжлийн банк нь уул уурхайн бус эдийн засгийн үр өгөөжтэй экспортод гарах боломжтой төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байна.  Тухайлбал, ноолуур хөтөлбөрийн хүрээнд зах зээл дэх ноолуурыг дотоодын аж ахуйн нэгжүүд худалдан авах эргэлтийн хөрөнгийг үе шаттай шийдвэрлэх,  эргэлтийн хөрөнгийг аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоход чиглэсэн технологийн хөрөнгө оруулалтруу чиглүүлэн дэмжиж ирсэн. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2018 онд Ноолуур хөтөлбөрийг шинэчлэн баталснаар Монгол Улсын Хөгжлийн банк нь 2018-2019 онд нийт 34 үйлдвэрт 277.3 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг олгож үйлдвэр эрхлэгчдээ дэмжин ажиллаж байна. Мөн Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн элэгдэж хуучирсан тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлийн төслийг ОХУ-ын Внешэконом банкны хөнгөлөлттэй эх үүсвэрээр  хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжсэнээр Турбингенераторууд шинэчлэгдэж, суурилагдсан хүчин чадал 89 мвт, дулаан 152 Гкалаар тус тус нэмэгдэж, үйлдвэрлэлийн үр ашиг болон найдвартай ажиллагаа дээшилж, цахилгаан, дулааны нэгжийн өртөг буурч, үйлдвэрийн ажиллагаа 35 жилээр нэмэгдэх юм.

Мөн охин компани болох Ди Би Эм ассет менежмент ҮЦК ХХК-иараа дамжуулан Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан, Улаанбаатар хотын захиргаа, Монгол Улсын Хөгжлийн банк, Арилжааны банкууд, орон сууц худалдан авах иргэдийн  хамтарсан 570.1 сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд “Ди Би Эм Ассет менежмент ҮЦК” ХХК  нь Уур амьсгалын ногоон сангийн эх үүсвэрээс 75.7 сая ам.долларын амлалтыг авсан. Энэхүү төслийг хэрэгжүүлэх “Эко-хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан”-г үүсгэн байгуулах шатандаа ажиллаж байна.

Түүнчлэн Монголдоо хамгийн том тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч Ди Би Эм лизинг компани нь атрын 3-р аяны хүрээнд зөвхөн тариалан эрхлэлтийг дэмжих сантай хамтран  20 гаруй сая ам.долларын 835 ширхэг тоног төхөөрөмжийг газар тариалан эрхлэгчдэд санхүүгийн түрээсээр олгосон зэрэг олон ололт амжилтаар дүүрэн шинэ оноо угтаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404