Монгол бол AI /Хиймэл оюун ухаан/ салбарт хамгийн амжилттай яваа улсуудын нэг
2019/12/30

  Юун тэр технологийн үсрэнгүй хөгжилтэй улсууд. Тэдгээр улс хэчнээн шургуу хөдөлмөрлөж, асар их хөрөнгө оруулалт хийж байгаа ч AI /Хиймэл оюун ухаан/ тал дээр Монголыг гүйцэх яагаа ч үгүй байна.
Гадны улсуудын бүтээж байгаа роботууд яаж ч сайн хийгээд яг хүн шиг уян хатан хөдөлгөөнтэй байж чадахгүй. Харин Монголд бол бүр яг хүн. Хэн ч, яаж шалгасан хүн.
Гадны улсуудын бүтээж байгаа оюун ухаан одоогоор өөрөө сэтгэх чадваргүй бөгөөд зөвхөн өгөгдөл дээр суурилан ажилладаг. Харин Монголд бол бүр яг хүн шиг сэтгэж, өөрөө өгөгдлөө цуглуулах чадвартай. Тэр бүү хэл бүр задгай сэтгэнэ. Хэзээ ч хийж болохгүй гэсэн өгөгдлүүдийг хүртэл давж сэтгэх чадвартай.
Товчхондоо бол Монголд байгаа AI /Хиймэл оюун ухаан/ зөвхөн Холливүүдийн кинонд л гардаг, гадаад улсуудын төсөөлж л чадах хүнд захирагдахаа байж өөрсдийгөө бие даан хөгжүүлж, хамгаалж, удирдаж чадах тийм өндөр хөгжилд хүрсэн.
   Монгол болон Гадаад улсуудын AI /Хиймэл оюун ухаан/-д ижил төстэй нэг л тал бий. Тэр нь аль алинд нь зүрх сэтгэл, нарийн мэдрэмж үгүй. Үүнийг харин одоогоор хүн төрөлхтөн олоогүй байгаа. Ирээдүйд ч олохгүй байх. Учир нь түүнийг бүтээх, хийх, кодлох, загварчлах боломжгүй юм.
Хэрвээ та надад итгэхгүй байгаа бол, Монголд тийм өндөр хөгжилтэй робот бүтээх чадамж байхгүй дээ гэж эргэлзэж байгаа бол яг одоо гэрээсээ гараад эргэн тойрноо сайн хар.
Та л анзаардаггүй болохоос Монголд тэд чинь хаа сайгүй явж байгаа. Төрд ч тэр, бизнест ч тэр олноороо ажиллаж, маш олноороо машин барин хотын гудмаар холхилдож, гудамж талбайд олноороо хөлхөлдөж, албан тасалгаанд олноороо ажиллаж байгаа.
  Тэд дэндүү төгс роботууд учир хүнээс бараг ялгагдахгүй. Яаж ч хараад гадна төрх, үйлдэл нь ялгахын арга байхгүй. Ярилцаж бас харилцаж үзвэл харин ялгарах ганц шинж бий. Түүнийг мартаж болохгүй. Тэр шинжээр л шүүлт хийгээд үз. Тэгээд та гайхах болно. Надад бас итгэнэ.
  Тэд бол робот. Тэдэнд зүрх сэтгэл, нарийн мэдрэмж байхгүй. Роботод суулгаж болдог чанарууд бол хүний чанар биш. Хүний чанар бол хүний л чанар. Тэр нь орлогдох боломжгүй зүрх сэтгэл, нарийн мэдрэмжид оршдог. Та тааралдсан бүгдийгээ ажигла. Хүн чанар харагдахгүй, мэдрэгдэхгүй байвал робот гэсэн үг. Тиймээс би бардам хэлнэ. Монгол бол гайхалтай улс. Аль ч улсын бүтээж чадаагүй, хүнээс огтхон ч ялгардаггүй роботуудыг олноор нь бүтээж амьдралд нэвтрүүлсэн. Тиймээс ч энэ тал дээр асар том амжилт гаргасан. Ойрын хэдэн арван жилд энэ амжилт эвдэгдэхгүй биз.

М.Мөнхжаргал

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Zombie59.153.115.49
Hahahahahh
2020/07/01
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404