Ажлын хэсгийн хуралдаан боллоо
2019/12/28

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдан 30 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт орох учиртай. Тэдгээр хуулиудыг боловсруулах, УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах Ажлын хэсгийн хурлыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан даргалж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын дэд хэсгийн гишүүн Н.Лувсанжав, Б.Ламжав, Р.Хатанбаатар, Ц.Товуусүрэн болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдож Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Улсын Их Хурлын тухай, Засгийн газрын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Улс төрийн намын тухай зэрэг олон хуулиудад өөрчлөлт орох ёстой. Тэдгээр хуулиудын жагсаалтыг багтаасан, дараалал, дэг тогтоосон УИХ-ын тогтоолын төслийг ойрын үед бэлтгэх хэрэгтэй байна. Шинэ он гарангуут Тогтоолыг өргөн барьж, хуулиудаа хэлэлцүүлж эхэлье. Хуулиудын төсөл боловсруулах ажилд эрдэмтэн судлаачдыг татан оролцуулах, цаг цаглабар гаргах ажлыг хойшлуулалгүй хийе гэлээ.

Энэ үеэр Тогтоолын төслийг оны эхээр батлуулж, хуулиудыг хаврын чуулганд багтаан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа Ажлын хэсгийн гишүүд илэрхийллээ. Ажлын хэсгийн дараагийн хуралдааныг 12-р сарын 30-нд товлов.     

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404