Шилдэг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн, aжилтныг шалгарууллаа
2019/12/28

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэн, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх замаар иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн байгууллагын ажлын үр дүнгээр тооцон сайжруулах арга хэмжээний зардал”-ыг нийслэлийн төсвөөс жил бүр батлан, зохих хэмжээний урамшуулал олгож ирсэн билээ.

Энэ дагуу 2019 онд шилдгээр шалгарсан 6 эрүүл мэндийн байгууллага, мөн 6 өрх, тосгоны Эрүүл мэндийн төв, 104 эмнэлгийн шилдэг мэргэжилтэнд өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өргөмжлөл, мөнгөн урамшуулал гардуулж өглөө.

 Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, өдөр шөнөгүй хичээнгүйлэн ажиллаж байдаг эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа ажиллах орчин, цалин хөлс, ахуй амьдралыг сайжруулах тал дээр ихээхэн анхаарах ёстой. Тиймээс энэ жил илүү олон эмч, мэргэжилтнийг хамруулж, бодит урамшуулал болох мөнгөн дүнг ч ахиулах тал дээр онцгойлон анхаарсан. Цаашид ч эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ, мөн эмч, эмнэлгийн мэргэжилтний ур чадвар, мэдлэг туршлагыг сайжруулах, ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэхэд анхаарч ажиллах болно” хэмээсэн юм.

 

ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА:

1-р байрт:

  • Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг

2-р байрт:

  • Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв
  • Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв

3-р байрт:

  • Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг
  • Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв
  • Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв

 

ШИЛДЭГ ӨРХ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ:

1-р байрт:

  • “Энх элбэрэл” ӨЭМТ /Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо/

2-р байрт:

  • “Амин тус” ӨЭМТ /Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо/
  • “Увидаст од” ӨЭМТ /Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо/

3-р байрт:

  • “Ундрах Ирээдүй” ӨЭМТ /Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо/
  • “Евро эм” ӨЭМТ /Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо/
  • “Усан түрүү” ӨЭМТ /Баянгол дүүргийн 15 дугаар хороо/

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404