Зорилгоо биелүүлсний дараа эргээд хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийх гэж байгаа ч юм шиг
2019/12/27

2017 онд өөрчлөлт оруулсан Эрүүгийн багц хуулинд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 1-20 жил ба үүнийг анхан шатны шүүхийн шийдвэр гартал тоолно гэж өөрчилсөн байдаг. Чухамдаа үүнээс болоод л авилга, албан тушаалын олон хэрэг хэрэгсэхгүй болж, цагаан захтнууд цагаадаж үлдсэнд иргэд бухимдаад байгаа юм. Тов тодорхой жишээ нь, МХЕГ-ын албан тушаалтнуудтай холбоотой сүр дуулиантай эхлээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг далбаан дор үүл мэт замхарч орхисон хэрэг байдаг. Тус байгууллагын өндөр албан тушаалтнуудын гэр болон албан өрөөнөөс 230 сая төгрөг, 152.177 ам.доллар, 70 мянган юань хураан авч тэдэнд авлигын хэрэг үүсгэж байгаагаа зарлахад Монголын ард түмэн одоо л нэг албан тушаалтнуудын хээл хахуулийн халуун мөрөөр орж, авилгачидтайгаа тэмцэж эхлэх нь хэмээн тун чиг их баярласан даа. Гэтэл эцсийн дүнд яасан билээ. Энэ оны тавдугаар сарын 8-ны өдөр анхан шатны шүүхээс уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болголоо гэсэн шийдвэр гаргасан. Ингээд л бүх зүйл эргээд хуучин байрандаа орох нь тэр.

Юутай ч, Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор УИХ баталсан хуулиа эргэж засахаар өнгөрсөн тавдугаар сард Ажлын хэсэг байгуулсан. Тэр Ажлын хэсгийнхэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хүнд, хөнгөнөөс хамааран 3-25 жил байхаар санал оруулжээ. Мөн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татагдах хүртэл тоолохоор өөрчилж байгаа саналыг тусгасан байна. Харагдах өнцгөөсөө алдаагаа засах гэж буй мэт боловч энэ бүхэн бол орсон борооны хойноос цув нөмөрсөн хэрэг л дээ, уг нь. Яагаад гэхээр олны анхаарал татсан нэлээд хэрэг хэрэгсэхгүй болоод хаагдчихсан. Дахиад ч хаагдах гэж байна. Хууль тогтоогчид алдаагаа зассаны дараа тэр хэргүүд эргээд сэргэхгүй. Бүр мушгиж ойлгох юм бол зорилгоо биелүүлсний дараа эргээд хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийх гэж байгаа ч юм шиг.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Хөөн хэлэлцэх хугацааг хэлэлцэх товтой байсан ч гишүүдийн ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар чуулган хуралдаагүй. Энэ нь нэг талаас уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, эцсийн дүгнэлтэд хүрэхээс УИХ-ын гишүүд халгаад байна уу гэх хардлагыг төрүүлж байгаа бол нөгөө талаас бөөн авилгачдыг бөөндөж өршөөсөн одоогийн мөрдөгдөж байгаа Хөөн хэлэлцэх хугацаанд таашаалтай байгаа Раднаасэдтэнгүүд нэгээр тогтохгүй бололтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404