Сонгуулийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүллээ.
2019/12/27

ШИНЭ нам болон Хилийн чинад дахь Монголчуудын зөвлөл, Гадаадад суугаа Монголчуудын холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, "Цахим өртөө" ТББ-аас УИХ-ын Сонгуулийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: “Хэдхэн хоногийн өмнө сонгуулийн хууль батлагдсаныг та бүхэн мэдэж байгаа. Сонгуулийн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч тав хоногийн дотор хориг тавих эсэхээ шийддэг. Гадаадад амьдарч байгаа 200 гаруй мянган монголчуудын эрх ашгийг хамгаалах, тэдний сонирхлыг төлөөлөн дуу хоолой болж ажилладаг эдгээр байгууллагын төлөөлөл өнөөдөр нэгдэж байна. Сонгуулийн хуультай холбоотой хүний эрхийн зөрчил, ялангуяа гадаадад амьдарч буй монголчуудын сонгуульд оролцох эрхийг хязгаарласан явдлыг хүний эрхийн олон байгууллага болон хилийн чинад дахь 200 гаруй мянган иргэн эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж байна” гэв.

Гадаадад байгаа монголчуудын төлөөлөл үг хэлэхдээ “Монгол Улс НҮБ-д гишүүнээр элсэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хүлээн зөвшөөрсөн. Хүний эрхийн 30 гаруй пактад нэгдэж орсон улс. Хамгийн анх 1992 онд анхны ардчилсан Үндсэн Хуулиа батлахдаа Монгол Улсын иргэний хувьд хэнийг ч ялгаварлан гадуурхах ёсгүй гэж тусгасан. Ялангуяа ажил, албан тушаал, хаана эрхэлж байгаагаар нь ялгаварлахгүй, хуулийн өмнө эрх тэгш байхаар хуульчилсан улс. Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 6.3-т “60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаадад зорчсон иргэдийг түр хасав” гэдэг тэмдэглэгээгээр санал өгөх эрхийг нь боогдуулсан байгааг онцолж, “Үндсэн Хууль болон олон улсын хүний эрхийн тухай гэрээ, конвенцийг ноцтой зөрчиж байна” гэлээ.

Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмэн, нийтийн эрх ашгийн төлөө байдаг эрх бүхий цорын ганц субьект учир Сонгуулийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавих хүсэлтийг хүргүүлж буйгаа онцолж байв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404