Хашоггийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүст цаазаар авах ял оноожээ
2019/12/24

Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашоггийг өнгөрсөн оны аравдугаар сард харгис хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогдсон таван хүнд тус улсын шүүх даваа гарагт цаазаар авах ял оноожээ. Энэ хэрэгт буруутгагдсан өөр гурван хүнд 24 жил хорих ял оноосон байна.

 

Саудын Арабын эрх баригчид хэргийг санаатайгаар үйлдээгүй гэж мэдэгджээ. Энэ нь тэдний өмнөх мэдэгдэлтэй зөрчилдөж байгаа юм. Ял авсан хүмүүсийн дунд тус улсын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салманы зөвлөх Сауд аль-Кахтани байхгүй байна. Хэвлэлүүд түүнийг хэргийн гол зохион байгуулагч гэж мэдээлж байсан юм. Энэ хэрэгтэй холбоотойгоор албан тушаалаас нь огцруулж, баривчилж байсан Саудын Арабын Тагнуулын газрын орлогч дарга асан Ахмад аль-Асириг нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар суллажээ.

 

Саудын Арабын эрх баригчдыг шүүмжлэгчээрээ алдартай сэтгүүлч Хашогги 10 дугаар сарын 2-нд Туркийн нийслэл Истанбул хот дахь тус улсын Консулын газарт амиа алдсан юм.

 

Эхэндээ Саудын Арабын эрх баригчид тэрбээр Консулын газрыг аюулгүй, эсэн мэнд орхисон гэж мэдэгдэн сэтгүүлч амиа алдсан хэргийг үгүйсгэж байв. Харин дараа нь тус улсын хэвлэлүүд Хашоггийг үнэхээр амиа алдсан гэхдээ Консулын газрын ажилтнуудтай маргалдаж, зодолдсоны улмаас ийм хэрэг гарсан гэж мэдээлсэн юм. Гэвч Саудын Арабын эрх баригчид сэтгүүлчийг санаатайгаар хөнөөсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн. Туркийн мөрдөн байцаагчдын мэдээлснээр, Хашоггийн цогцсыг хэдэн хэсэг болгон Консулын газраас гаргажээ. Түүний цогцос одоог хүртэл олдоогүй байна.

 

Шүүх хуралд Хашоггийн хөвгүүд, мөн Туркийн ЭСЯ-ны төлөөлөгчид оролцжээ.

 

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж энэ хэрэгт ямар хамаатай вэ?

Ойр дотных нь хэд хэдэн найзыг баривчилсны дараа Хашогги 2017 оны есдүгээр сард Саудын Арабаас гарч, Америкийн “Washington Post” сонины нийтлэлч болжээ.

 

Эх орноо орхин явахдаа Хашогги хунтайж Мухаммедыг тэрс үзэлтнүүдийг хавчиж мөрдсөн гэж буруутгасан бөгөөд түүнийг Вашингтоны сонинд үргэлжлүүлэн шүүмжилжээ. Энэхүү шүүмжлэл нь хунтайжийн нэр хүндэд халдаж байв. Чухамхүү угсаа залгамжлагч хунтайж Хашоггийг хөнөөсөн хэрэгт холбоотой гэж бүс нутгийн төдийгүй Өрнөдийн орнуудад буруутгасан юм. Түүгээр барахгүй АНУ-ын Сенатын танхим 2018 оны 12 дугаар сард холбогдох тогтоолын төслийг баталсан билээ.

 

Хашогги гэх зэрэг алдартай тэрс үзэлтнүүдийг хөнөөсөн хэрэг зөвхөн Мухаммед бин Салманы зөвшөөрөлтэйгөөр хийгдэх боломжтой гэж шинжээчид, шүүмжлэгчид үзэж байгаа юм. 

 

Эх сурвалж: Монцамэ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404