С.Бямбацогт: УИХ-ын гишүүн нэр дэвшихэд тавигдах шаардлага хүний эрхтэй холбогдохгүй
2019/12/23

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Сонгуулийн тухай хуулийн талаар тодрууллаа.

-Пүрэв гарагийн чуулганаар улс төрийн намуудын эвсэлтэй холбоотой асуудлаар нэлээд маргаан гарсан?

-Улс төрийн намууд эвсэж бүртгүүлсний дараа нэг нам нь эвслээс гарах юм бол тэр нам бүхэлдээ тарсанд тооцох хуулийн заалтыг УИХ-ын Сонгуулийн тухай хуульд оруулж ирсэн. Энэ бол улс төрийн намууд эвсэж нэгдэж орох боломжийг хаасан, ялангуяа парламентад суудалгүй намуудыг сонгуульд орох эрхийг нь хязгаарласан эрсдэлтэй заалт байна гэж үзсэн. Харин гишүүдийн олонх нь эвслийг тараах шийдвэр гаргах юм бол эвслийг тарсанд тооцно гэсэн байдлаар боломжийг бий болгож өгч байгаа.

-Авлига албан тушаалтай холбоотой заалт дээр байнгын хорооны хурлаар саналыг оруулна гэсэн. Харин чуулганаар хасчихлаа. Хуулийн зөрчил үүсч Цэц дээр очиж, Үндсэн хуулийг зөрчсөн асуудал болохгүй юу?

- 2008 онд Цэцийн шийдвэр гарсан байдаг. Ялгүй байх гэдэг нь хүний эрхийг зөрчиж байна гэдэг дээр нэлээд өргөн асуудлаар үзэж Цэцийн дүгнэлт гарсан байгаа. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүн нэр дэвшихгүй гэсэн заалт бол арай өөрөөр эхэлж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн нэр дэвшихэд тавигдах шаардлага хүний эрхтэй холбогдохгүй. Үндсэндээ УИХ-ын гишүүн сонгуулийн насны буюу 25 нас хүрсэн байх ёстой гэсэн ганцхан заалт бий. Үүнээ сгадна нэр дэвшихэд төрийн албан хаагчийн шалгуур тавигддаг. Төрийн албаны тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол бүх насаар нь төрд ажиллах эрхийг нь хязгаарладаг. УИХ-ын гишүүнд ч мөн уг хууль үйлчлэх ёстой гэсэн саналыг Т.Аюурсайхан нарын гишүүд гаргасан. Үүнийг гишүүдийн олонх нь дэмжээд баталчихлаа.

-Сонгогчдын нэрсийн жагсаалтыг ил тод байхаар хуульчилсан байгаа. Хувь хүний нууцын асуудал гээд гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Үүний талаар?

- Өнгөрсөн 2012, 2016 оны сонгуулиар сонгогчдын нэрсийн жагсаалтыг сонгуульд оролцож байгаа улс төрийн намуудад өгч байсан. Энэ үед иргэдээс “Хаягийг минь яагаад хүнд өгөөд байгаа юм бэ, миний регистрийн дугаарыг яагаад өөр хүмүүс мэддэг болчиховоо” гэсэн гомдлууд ирсэн. Иймд Улсын бүртгэлийн тухай багц хуулийг 2018 онд батлахдаа хуульд өөрөөр заагаагүй бол иргэний мэдээллүүд нууц байх ёстой гэж заасан. Тийм учраас сонгуульд оролцох улс төрийн намууд МАН иргэний мэдээллийг нууж байгаад өөрсдөдөө давуу байдлыг бий болгон оролцох гэж байна гэсэн хардлага гарсан тул нээлттэй байлгахаар болсон юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404