З.Энхболд: Ерөнхийлөгч намайг хэзээ ажлаа өг гэнэ, тэр үед нь л өгнө
2019/12/11

Төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан. Харин Байнгын хороогоор нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь нэмснээс бусад хоригийг хүлээж аваагүйтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос зарим зүйлийг тодруулсан юм.

- 2020 оны Төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Байнгын хороогоор хэлэлцээд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь нэмснээс бусад хоригийг хүлээж авсангүй?

-2020 оны төсөвт хөрөнгө оруулалтын 2 дугаар хавсралтыг 386 барилга барихыг Ерөнхийлөгч болохгүй гэж үзсэн. Яагаад гэвэл эдгээр барилгууд 2020 онд эхэлж 2021, 2022, онуудад дамжин баригдах юм. Харин байнгын хорооны гишүүдийн олонх Ерөнхийлөгчийн энэ хоригийг хүлээж авахгүй гэж үзлээ. 2020 оны төсөвт байгаа энэ их олон их наяд төгрөгүүд бол 2018-2019 оны төсвийн үргэлжлэлүүд ч байгаа. Тэгэхээр Ерөнхийлөгч хориг тавихдаа 2020 ондоо эхлээд тухайн ондоо дуусах болон өмнөх онуудад эхэлсэн ажлын төсөвт огт хориг тавиагүй. Нэгэнт эхэлсэн ажлаа дуусгах нь зүйтэй гэж үзсэн. Харин 2020 онд эхлээд 2-3 жил үргэлжлэх том барилгын ажлуудад хориг тавьсан юм. Учир нь 2020 онд сонгуулийн жилд дөнгөж эхлүүлчихээд, он удаан жил үргэлжлэх ажлуудад хориг тавьсан. Дараа жил сонгуулиар УИХ шинэчлэгдэнэ, шинэ УИХ нь олон жил үргэлжлэх том барилгуудынхаа асуудлыг шийдэг гэж үзсэн.

- Сургууль, цэцэрлэг барихаар төсөвлөсөн 350 тэрбумаас өөр ямар хөрөнгө оруулалт багтсан байв?

-Нэгд, УДЭТ-ын барилгын зураг төслийг боловсруулах, барилгын ажлыг шинэчлэн сайжруулах ажлыг 2020-2022 онд хэрэгжүүлэхэд 52 тэрбум төгрөг төсөвлөснөөс ирэх оны төсөвт хоёр тэрбумыг суулгажээ. Хоёрт, ДБЭТ-ын зураг төслийг боловсруулах, барилгыг шинэчлэх ажилд 54.6 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөс ирэх онд хоёр тэрбум төгрөг суулгасан байна. Гуравт, Байгалийн түүхийн музейн барилгыг 94.4 тэрбум төгрөгөөр Хан-Уул дүүрэгт шинээр барина. Сая Байгалийн түүхийн музейг нураалаа шүү дээ. Энэ барилгыг 26.9 тэрбум төгрөгийн өртгөөр Хан-Уул дүүрэгт шинээр барихаар төсөвт тусгасан. Ерөнхийлөгч Дуурь, Драмын театрын барилгыг Байгалийн түүхийн музейтэй адилхан нураалгахгүйн тулд хориг тавьж байгаа юм. Мөнгө нь байхгүй бол нураахгүй гэж бодсон юм. Гэтэл УИХ энэ хоригийг хүлээж авсангүй.

-Таныг АН-ын дэд даргаар ажиллана гэсэн мэдээлэл гарсан байнаТэгэхээр Та одоогийнхоо ажлыг өгөх үү?

-Энэ бол цуурхал. Би сонгуульд өрсөлдөх гэж л орно. Түүнээс АН-ын дэд даргаар очихгүй. Ерөнхийлөгч намайг хэзээ ажлаа өг гэнэ, тэр үед нь л өгнө. Гэхдээ миний албан тушаал улс төрийн албан тушаал. Би энэ албан тушаалтайгаа байж байгаад сайд нар шиг сонгуульд орж болно. Сайдын зиндааны албан тушаал шүү дээ. Сонгуулийн сурталчилгаагаа хийх, тойрогтоо ажиллах зэрэг олон ажлууд бий. Сонгуулийн хуулиа эхлээд ойлгомжтой баталчих. Түүний дараа шийдвэрээ гаргана.

- АН сонгуульд нэр дэвших хүмүүсээсээ 100, 60 саяын татвар авах шийдвэр гаргасан. Та хандиваа өгсөн үү?

-Арванхоёрдугаар сарын 15-наас өмнө олж өгнө. Миний оруулсан хандивыг над дээр бүртгэнэ. Хандивын бүх орлого шилэн, ямар компани хэн гэдэг хүн хэдэн төгрөг өгснийг мэдэх боломжтой шүү дээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404