Орхон аймаг Анхдагч, илгээлтийн эздийн өдрийг тэмдэглэж байна
2019/12/11
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар 1975 оны 12 дугаар сарын 11-нд Эрдэнэт хот байгуулах шийдвэр гарсан түүхтэй. Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Ээлжит 8-р хуралдааны 08/01 тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 11-ийг “Эрдэнэт хотын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байх шийдвэр гарсан. Мөн Илгээлтийн эзэд, анхдагчдын саналыг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 76-р тогтоолоор Анхдагч илгээлтийн эздийн өдрийг 12 дугаар сарын 11-ны өдөр Эрдэнэт хотын өдөртэй хамтатган тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. 
      Өнөөдөр Эрдэнэт хотын болон Анхдагч, илгээлтийн эздийн өдрийг “Эрдэнэт хот-Эрдэнэтчүүдийн бахархал” уриатайгаар тэмдэглэж байна.  “Өнөөгийн Эрдэнэт хот” сэдвээр аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид ЕБС-ийн сурагчдад хичээл орсон бол Анхдагч, илгээлтийн эздэд зориулсан баярын хурал, урлагийн тоглолт “Хангарьд” цогцолборт боллоо. Энэ үеэр зарим анхдагч, илгээлтийн эздийг аймгийн ИТХ болон Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулсан юм. 
 
 
 
 
 
 
 
 
 
         Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн өмнөх талбайд байх “Анхдагч илгээлтийн эздийн хөшөө” болон Найрамдал өндөрлөгт Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут болон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, төрийн албан хаагчид, ахмадууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
 
 
 
 
 
 
 
          Мөн Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн паркын дэргэдэх “Будгийн үйлдвэр”-ийн нээлт боллоо. Эрдэнэт хотод монгол технологиор үйлдвэрлэсэн хоногт гурван тонн, сард  90 тонн эко будаг үйлдвэрлэх хүчин чадалтай “Будгийн үйлдвэр” ашиглалтад орлоо. “Эрдэнэт ШУТП”-ийн дэргэд байгуулагдсан уг үйлдвэр 12 нэр төрлийн 30 гаруй өнгийн будгийг зах зээлд нийлүүлэх аж. Судалгаа, шинжилгээний ажлыг сүүлийн хоёр жилийн турш хийжлабораторийн шинжилгээг Финлянд улсад хийлгэсэн байна. Европ стандартад нийцүүлж усан суурьтай, үнэргүй, монгол технологиор үйлдвэрлэсэн эко будаг нь хурдан хатдаг, олон дахин давхарлах шаардлагагүй зэрэг олон давуу талтай хэмээн Эрдэнэт шинжлэх ухаан паркын захирал Г.Энхбаяр ярьсан юм. Тус үйлдвэрт таван хүн ажиллах аж.
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404