Т.Аюурсайхан: Сонгогчдынхоо итгэлийг алдсан тийм хүн эхний 26-д орж чадах уу
2019/12/10

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхантай ярилцлаа.

-Сонгуулийн тогтолцооны тухайд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуулийн тухай хууль 50+26 гэдэг хувилбараар өргөн баригдсан. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад ямар байх вэ гэдгийг шийдэх нь УИХ-ын эрхийн асуудал. Аль болох сонгогчдод нөлөөлдөг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Сонгогчид хараат бусаар өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн санал өгөх хэрэгтэй. Үндсэн хуулийг зөрчинө гэж зарим хүмүүс яриад байгаа юм. Үндсэн хуулинд ямар тогтолцоо байхыг тусгаагүй. Өөрөөр хэлбэл, мажоритар, пропорцианал байна гэж заагаагүй. Юуг тусгасан байдаг вэ гэхээр сонгогчид УИХ дахь төлөөллөө шууд сонгоно гэсэн байдаг. Нам дугуйлж болохгүй. Иргэд өөрсдөө УИХ-д сонгогдох төлөөллөө шууд сонгох ёстой. 26-г улсын хэмжээнд иргэд шууд сонгох зохицуулалттай. Гагцхүү шууд сонголт хийхдээ хэдэн хүн дугуйлах вэ, яах вэ гэдэг нь хэлэлцүүлгийн явцад шийдэгдэнэ.

Сонгогчдод нөлөөлдөг байдлыг таслан зогсоох хэрэгтэй

-Нэг гишүүн үнэмлэхүй их санал авсан байлаа гэхэд тэр хүний санал дээр үндэслээд бага санал авсан нэр дэвшигчид УИХ руу ороод ирэх боломжтой гэж яригдаж байгаа. Үүн дээр та ямар саналтай байна вэ?

- Иргэд эргэлзээтэй хүмүүсийг дугуйлахгүй шүү дээ. Жишээлбэл, нэр хүнд муутай, сонгогчдынхоо итгэлийг алдсан тийм хүн эхний 26-д орж чадах уу. Би бол үгүй байх гэж бодож байна. Иргэдийн хүсээгүй хүмүүс сонгогдох боломж байхгүй байх.

-Бие даагчид 26 тойрогт нэр дэвших боломжтой юу?

-Бие даагчид улсын хэмжээнд бүх тойрогт нэр дэвших эрх нь нээлттэй. Тавин тойрогт нэр дэвших боломж нь нээлттэй. 26-н тойрог дээр нэр дэвших эсэхийг хэлэлцүүлгийн шатанд шийдэж болно. Өргөн барьсан хуулин дээрээ бол энэ тухай байхгүй юм байна лээ.

-26 дээр нэг хүнийг дугуйлна гэхээр Үндсэн хууль зөрчиж байна гэж зарим гишүүн яриад байна?

- Заавал нэг хүнийг дугуйл гэж тулгасан юм байхгүй. Аль ч намын хэнийг ч дугуйлах эрх нь тухайн иргэнд байгаа учраас ямар нэг Үндсэн хууль зөрчих үндэслэл байхгүй.

-Энэ удаагийн сонгуулийн тогтолцоо мажоритар мөн үү?

- Нэг хэсэг нь улс даяар нэг тойрогт, нөгөө хэсэг нь жижиг тойрогт нэр дэвшинэ. Дүүрэг гэхээр хотын дүүргүүд бүгд нэг байх уу, эсвэл дотор нь хуваах уу гэдгийг шийднэ. Нэг хэсэг нь жижиг тойрогт, нөгөө нь улс даяар сонгогчдоос санал авна. Өөр боломж байхгүй. Хэн олон санал авсан нь гарч ирнэ. Бүх нэр дэвшигчид тодорхой санал авах нь ойлгомжтой. Бүх сонгогчид өөрсдийнхөө хүссэн хүнийг дугуйлах боломжтой. Энэ тогтолцоо шууд явах уу үгүй юу гэдгийг эцсийн хэлэлцүүлгээр шийднэ. Хуулийн төсөл анх өргөн баригдсанаараа батлагдах уу, эс батлагдах уу гэдгийг УИХ шийддэг.

Улсын хэмжээний шүүлтүүрийг давж гарсан хүмүүс парламентад

ажиллах нь чухал

-50+26 тогтолцоог ихэнх гишүүд дэмжиж байгаа юу?

-Гишүүдийн байр суурийг харахаар “Би яаж сонгогдох вэ”гэдгээ л бодоод байна. Сонгуулийн хуулинд яагаад ийм идэвхтэй байна вэ гэхээр тухайн гишүүний хувьд нь тулгамдсан асуудал учраас тэр. Нэгдүгээрт, надад тойрог олдох уу, Хоёрдугаарт,би дэвшвэл намайг сонгох уу гэдэг үзлээр хандаж байна. Түүнээс тогтолцоо нь яаж зөв байх вэ, хэрхэн жалга довны үзлийг арилгах вэ, яаж улсын нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах вэ, сонгогчдыг яаж худалдаж авах ажиллагааг таслан зогсоох вэ гэдэг талаас нь нийтээрээ хармаар байгаа юм. Хамгийн гол нь улсын хэмжээний шүүлтүүрийг давж гарсан хүмүүс парламентад иргэдийн итгэлийг дааж ажиллах нь чухал.

-Эмэгтэй гишүүдийн квот ямар байх вэ?

-Энэ асуудлыг хэлэлцүүлгийн шатанд шийдэх байх. Квотыг нэмэгдүүлэх боломж байгаа.Эмэгтэй гишүүдийн одоо байгаа 20 квотыг өсгөх үү яах вэ гэдгийг бүлэг дээр ярина. Эмэгтэйчүүдийн улс төрийн идэвхийг өндөр байлгах шаардлагатай байна. Энэ бол улс төрийн намуудын хийх ёстой ажил байхгүй юу. Одоогийн байдлаар аргагүйн эрхэнд квот тогтоож байна шүү дээ. Гэтэл Скандинавийн орнуудад эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо өндөр байдаг. Хариуцлагатай алба буюу Засгийн газрын гишүүд, намын дарга, намын ерөнхий нарийн бичгийн дарга нар дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Иймд улс төрийн намуудад эмэгтэйчүүдийн оролцоог бүх шатандаа хангаж байж, тэр дотроосоо манлайлагч эмэгтэйчүүдээ бодлогоор гаргаж, төрийн ажилд оролцуулдаг.

-Аймгуудын мандатыг нэмэх асуудал яригдах уу?

- УИХ тойргуудаа хуваарилах үеэр тогтоолоор батална. Энэ нь Сонгуулийн тухай хуулинд заасан хугацаандаа явагдана.

-Баярлалаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404