“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо
2019/12/07

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 4.2.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд өнөөдөр “Нийслэлийн хүүхдийншүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав.


 
ЭМЯ, НЗДТГ, НЭМГ, НШЭНТ-өөс хамтран зохион байгуулж буй энэхүү тэмцээн нь ЕБС-ийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, дадал хэвшил бий болгох зорилготой юм.


Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.


Тэмцээний нэгдүгээр үе шатанд дүүргийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төвтэй хамтран тухайн харьяа дүүргийн ЕБС-иудын 4, 5 дугаар ангийн сурагчдаас шилдэг гурван багийг сонгон шалгаруулжээ.


 
Хоёрдугаар шатанд буюу “Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-д есөн дүүргийн 25 сургуулиас нийт 25 баг буюу 9-10 насны 200 хүүхэд амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэгээ сорьж, шүд угаах аргачлалаар өрсөлдөж байна.

 

Шилдгээр шалгарсан сургууль, цэцэрлэгийн бага ангийн багш нар “Амны хөндийн эрүүл мэнд“ сургалтыг сурагч, тэдний эцэг, эх асран хамгаалагч нарт зохион байгуулж, үр дүнг тооцон ажиллах юм. Энэхүү туршлагаар цаашид нийслэлийн бусад сургуулийн багш нарыг сурган, тэднээр дамжуулан бага ангийн хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч нарт зөв мэдлэг, дадал хэвшил олгохоор зорьж буй юм.

 

Бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олон талт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Дээрх ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулиас хамтран хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, шүд зөв угаах дадлыг хэвшүүлэх зорилгоор “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын гарын авлага боловсруулж хэвлүүлсэн.
 

Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төрийн өмчит ЕБС-ийн 1-5 дугаар ангийн 3100 гаруй багш, сургуулийн эмч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн шүдний эмч, нийгмийн ажилтныг сургалтанд хамруулсан бөгөөд төрийн өмчит 231 цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын арга зүйч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан, шүдний эмч, 142 Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч зэрэг нийт 658 хүнийг дээрх гарын авлагад багтсан сэдвийн дагуу сургагч багшаар бэлтгэсэн байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404