“Ханбогд амралт-Төв номын сан” чиглэлд том оврын автобус үйлчилнэ
2019/12/07

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Богд хан ууланд амралтын өдрүүдэд аялах нийтийн тээврийн шинэ чиглэл нээх асуудлаар үүрэг өгөх тухай” асуудлыг хэлэлцлээ.

Улаанбаатар хот тэлж буйтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн XI хорооны оршин суугчид болон Богдхан ууланд алхалт хийж буй хүмүүс Ар Зайсан чиглэлд нийтийн тээврийн автобус явуулахыг хүссэн санал удаа дараа ирүүлж байгаа аж. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Нийтийн тээврийн газраас Ч:72 буюу “Ханбогд амралт-Төв номын сан” чиглэлд их багтаамжийн дөрвөн автобусыг ирэх мягмар гарагаас явуулахаар төлөвлөж, хуралдаанаар хэлэлцүүлэв.  Ингэснээр тухайн чиглэлд автобус өдөр бүр явах боломжтой болж байгаа юм.

Хан-Уул дүүргийн XI хороонд нийтдээ 18 автозогсоол бий бөгөөд их багтаамжийн автобус эргэлт хийх боломжтой гэж нийслэлийн Нийтийн тээврийн газраас тооцсон талаар мэдээллээ. Улмаар ирэх онд автобусны эцсийн зогсоол байгуулахаар төлөвлөжээ. Энэ талаар Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодруулахад “Ирэх мягмар гарагаас эхлэн өдөр бүр ажлын цагаар нийтийн тээврийн автобус явуулахад өдөртөө 1600 орчим зорчигч тээвэрлэх тооцоо гарсан. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд 980 өрхийн 3790 орчим оршин суугч амьдардаг. Зөвхөн Богд уул руу нийтийн тээврээр зорчино гэхээсээ илүү энэ Ар зайсангийн чиглэлд нийтийн тээврийн хүртээмжийг давхар нэмэгдүүлж өгч байгаа юм. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд нийтдээ 18 авто зогсоол бий бөгөөд их багтаамжийн автобус эргэлт хийх боломжтой гэдгийг Нийтийн тээврийн газраас тооцсон. Ирэх онд автобусны эцсийн зогсоол байгуулахаар төлөвлөж байна” гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Эрүүл мэндийг сайжруулах үүднээс эмч нар иргэдийг ууланд алхахыг зөвлөдөг. Гэвч Богдхан ууланд алхахад автобус явдаггүй, иргэд хувийн автомашинаар зорчих зэрэг хүндрэлтэй асуудал гардаг. Гэхдээ автобусыг энэ амралтын өдрүүдэд туршилтаар явуулж үзэх хэрэгтэй. Мөн бие засах газрын асуудлыг шийдэх шаардлагатайг иргэд хэлж байгаа. Тиймээс уг асуудлыг шийдэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тэмдэглэлээр үүрэг өгье. Үүнээс гадна автобус явуулах цаг зэргийг нарийвчлан тооцож, төлөвлөлттэй явуулах хэрэгтэй” гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404