Марк Кэйни: Авлига бол Монголд нийтлэг үзэгдэл болсон
2019/12/06

“Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”-г Сант марал сан болон Азийн сан хамтран 14 дэх удаагаа зохион байгуулж, тайланг өнөөдөр танилцууллаа. Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйнигийн хэлж буйгаар оролцогчдыг санамсаргүй түүврийн аргаар сонгосон бөгөөд оролцогчдын 93.6 хувь нь авлига бол Монголд нийтлэг үзэгдэл болсон гэж дүгнэжээ. 

Түүнчлэн авлигад хамгийн их өртсөн байгууллагаар улс төрийн намууд нэрлэгдсэнийг онцоллоо. Үүний дараагаар хууль шүүхийн байгууллага эрэмбэлэгдэж байгаа нь иргэдийн итгэл буурсныг илтгэж байна. Гэхдээ энэ нь төсөөлөл гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэдийн энэхүү төсөөлөл нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй мэдээлэл, тохиолдлуудын талаар ам дамжсан ярианаас үүсэн төлөвшсөн гэсэн юм. 

Судалгааны дүнг товчоор дурдвал:

  • 2019 онд судалгаанд оролцогчдын 93.6 хувь "авлига нь манай улсад хэвийн үзэгдэл болсон" гэдэгтэй санал нийлсэн нь 2018 оныхоос давсан үзүүлэлт боллоо.
  • Гэсэн хэдий ч жижиг авлигын тохиолдлын буурах хандлага үргэлжилсээр 2019 онд 3.3 хувьтай байна.
  • Олон нийт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн засгийн газрын авлигатай тэмцэх чиглэлээр хийсэн ажлуудыг дэмжиж байгаа нь харагдлаа.
  • 2019 он улс төрийн намууд болон шүүхийн тогтолцооны авлигын түвшингийн талаарх сөрөг хандлага нэмэгдэж байгааг харуулсан.
  • Улс төрчдийн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлийг доогүур үнэлэх хандлага хэвээр үргэлжилсэн бөгөөд 88 хувь нь улстөрчид асуудлыг шийдвэрлэх маш бага эсвэл огт хүсэлгүй байна гэж судалгаанд оролцогчид илэрхийлжээ.
  • Цахим сүлжээний ач холбогдол тасралтгүй нэмэгдэж байгаа хэдий ч авлигын талаарх мэдээллийн хамгийн чухал эх сурвалж телевиз хэвээр байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404