Эрмитаж МУ-ын Ерөнхий сайдад Чингисийн үеийн чулуун бичгийн хуулбарыг бэлэглэнэ
2019/12/05

Эрмитаж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бэлэг өгөхөө мэдэгджээ. Дэлхийд алдартай тус музейн ерөнхий захирал Михаил Пиотровский хэвлэлийн бага хурлынхаа үеэр хэлэхдээ “Эрмитажийн нээлттэй хаалганы өдрүүд арванхоёрдугаар сарын 7-9 өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ үеэр бид 2019 оноо дүгнэж, Потанины сангийн шагнал болох бриллиантан тэмдгийг гурван ахмад дайчдад олгоно. Энэ жил нээлттэй хаалганы өдрүүдийн үеэр онцгой үйл явдал болно. Тэр нь Монгол Улсын Ерөнхий сайд манай музейд зочилно. Энэ үеэр бид түүнд Чингисийн үеийн чулуун бичгийн хуулбарыг бэлэглэхээр төлөвлөж байна” гэжээ. "Чингисов камень" хэмээн нэрлэгдэж буй энэхүү чулуун бичиг нь 1224 эсвэл 1225 оны үеийн монгол бичгийн хамгийн эртний дурсгал бөгөөд маш сайн хадгалагдан өнөөг хүрчээ. Энэхүү чулуун бичгийн зарим нэг үг, үсэг нь бүдгэрсэн бөгөөд юуны талаар өгүүлж буй нь өнөөдрийг хүртэл эрдэмтдийн дунд маргаан дагуулж байна. Гэхдээ орчин үеийн эрдэмтдийн ихэнх нь энэхүү чулуун бичиг нь Чингис хаан Сартуулыг байлдан дагуулж, ялалт байгуулсан талаар бичсэн гэж үздэг аж

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404