БНХАУ АНУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ
2019/12/05

Шинжаан Уйгурын өөртөө засах оронд хүний эрхийг дагаж мөрдөхтэй холбоотой Уйгурын асуудлаарх хуулийн төслийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим баталсантай холбогдуулан БНХАУ АНУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ.

 Эрх нь зөрчигдөж байгаа хэмээн АНУ-ын эрх баригчдын үзэж байгаа БНХАУ дахь Уйгурчуудын эрхийг дэмжих тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим өмнө нь баталжээ. Хууль болгохын тулд энэхүү хуулийн төслийг Сенат баталж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурах ёстой аж. Баримт бичигт АНУ-ын эрх баригчдын үзэж байгаагаар, Шинжаан Уйгурын өөртөө засах оронд хүний эрх зөрчиж буй БНХАУ-ын албан тушаалтнуудыг эсрэг хориг арга хэмжээ авахыг тусгажээ.  

 “Уйгуртай холбоотой хүний эрхийн салбар дахь бодлогын тухай хуулийн төслийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим баталжээ. Энэ баримт бичиг нь Шинжаан Уйгарын өөртөө засах орон дахь хүний эрхтэй холбоотой нөхцөл байдлыг зориуд гутааж, БНХАУ-ын терроризм, хэт давруу үзэлтэй тэмцэх хүчин чармайлтыг элдэв аргаар харлуулж, Засгийн газрын засаг захиргааны бодлогод хар санаа өвөрлөн халдаж буй явдал бөгөөд олон улсын харилцааны олон улсын эрх, үндсэн зарчмуудыг ноцтой зөрчиж байгааг Хятадын тал ихээхэн жигшин зэвүүцэж, эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна” хэмээн Хуа Чуньины мэдэгдэлд дурджээ.

 “Шинжааны асуудал нь хүний эрх, үндэстэн, шашны асуудал огт биш бөгөөд терроризм, салан тусгаарлах үзэлтэй тэмцэх асуудал юм. Маш ноцтой нөхцөл байдалтай тулгарснаар Шинжаан Уйгурын өөртөө засах орны эрх баригчид хууль тогтоомжтой нийцүүлэн террорист ажиллагаатай тэмцэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ террорист ажиллагааг өрсөн дарах ажлыг урагш ахиулах, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжих, үндэсний эв нэгдэл, нийгмийн тэнцвэртэй байдлыг бэхжүүлэх алхмуудад онцгой анхаарал хандуулсан” хэмээн тэрбээр цохон дурджээ.

 “Эдгээр алхмыг Шинжааны олон угсаатны бүлгийн 25 сая төлөөлөгч дэмжиж, эерэг үр дүнд хүрсэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд Шинжаанд нэг ч террорист халдлага болоогүй. 2018 оны сүүлчээр 70 улсын дипломатч, сэтгүүлч, шашны байгууллагын төлөөлөгч, олон улсын байгууллагуудын төлөөлөгч, шинжээч, эрдэмтэн бүхий мянга гаруй хүн Шинжааныг зорьсон бөгөөд тэдний дийлэнх нь терроризмтой тэмцэх, террорист ажиллагааг өрсөн дарах ажлыг сайшаасан” хэмээн Хуа Чуньин мэдэгджээ.

 АНУ “Хонконг дахь хүний эрх ба ардчиллыг хамгаалах тухай”  хуулийг өмнө нь баталж, хүчин төгөлдөр болсон билээ. Уйгуртай холбоотой энэхүү шинэ хуулийн төсөл нь АНУ, БНХАУ-ын санал зөрөлдөөнийг даамжруулж, хоёр улсын худалдааны яриа хэлэлцээнд нөлөөлж болзошгүй байна.

 Уйгур, Казах болон Исламын шашинт бусад иргэд оршин суудаг Шинжаан Уйгурын өөртөө засах оронд хүний эрх болон шашин шүтэх эрхийг зөрчиж байна хэмээн АНУ БНХАУ-ыг байнга шүүмжилдэг юм. Өмнө нь АНУ БНХАУ-ын 28 компанид Америкийн бараа бүтээгдэхүүнийг экспортлохыг хориглосноос гадна шахалт үзүүлж байна хэмээн үзэж байгаатай холбоотойгоор БНХАУ-ын Засгийн газар, Коммунист намын гишүүдийн эсрэг визийн хязгаарлалтын арга хэмжээ авсан юм. Шинжаан Уйгурын өөртөө засах орон дахь Уйгурчуудад зориулсан засан хүмүүжүүлэх газруудын тухай мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. 

 

Эх сурвалж: Монцамэ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404