ХӨГЖИМ СУДЛААЧ Д.АРИУНАА: САЙН БҮТЭЭЛҮҮДИЙГ ШИГШИЖ АВАХ НЬ ЖУРАМД НИЙЦНЭ
2019/12/03

Дэлхийн улс орнууд мэргэжлийн хөгжмийн урлагийг хөгжүүлэхдээ сонгодог болон орчин цагийн шинэ хөгжмөө дэмжих, явцыг дүгнэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хөгжмийн наадмуудыг зохион байгуулдаг. Монголын мэргэжлийн хөгжмийн энэ удаагийн “Алтан намар-2019” наадам өнгөрөгч сард амжилттай болж өндөрлөсөн. Монголын хөгжим - нийгмийн томоохон зүтгэлтэн Н.Жанцанноров анх санаачлан энэхүү “Алтан намар” хөгжмийн наадмыг зохион байгуулахдаа, монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчдыг жил бүрийн намар болдог наадамдаа шинэ, чансаатай бүтээл туурвихын зэрэгцээ ур чадварын хувьд гадаадын орнуудын орчин цагийн хөгжмийн урлагт дөхсөн, олон улсын жишигт хүрэхүйц бүтээлтэй болох, алсдаа олон улсын наадам болгон өргөжүүлж, бусад орны хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлийг хөгжимдөх, гадаадын алдартай удирдаачид, найрал хөгжим, хөгжимчдийг оролцуулах зорилготой байжээ.

Энэхүү наадам зохион байгуулагдсанаар монголын хөгжмийн түүхэнд суут хэмээн тооцохуйц томоохон бүтээлүүд зохиогдон тоглогдож, улмаар гадаадын наадмуудад өрсөлдөж, пянз бичлэгт хэвлэгдэн, ЮНЕСКО-д бүртгэгдэж, олон улсын сан хөмрөгт орсон гэх мэт монголын орчин цагийн хөгжмийн урлагийн хөгжилд  энэ наадам  асар их хувь нэмэр оруулсан юм.

Өдгөө “Алтан пянз” нь гарч монголын хөгжмийн түүхэнд мөнхөрсөн Б.Шаравын II симфони, Ц.Чинзоригийн “Илдэн уулсын цуурай” оратори, З.Хангалын төгөлдөр хуурын II концерт, морин хуурын концерт, Ц.Нацагдоржийн симфониуд, Х.Билэгжаргалын төгөлдөр хуурын концерт гэх мэт ХХ зууны шилдэг бүтээлүүд энэ л наадмыг зохион байгуулснаар л төрөн гарсан.

Ер нь “Алтан намар” мэргэжлийн хөгжмийн энэхүү томоохон наадам хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлийн тайлан болдгийн зэрэгцээ Улсын санд худалдан авах шилдэг бүтээлийн шалгаруулалтын тайз болжээ. Улсын санд бүтээл худалдан авахдаа шинэ төдийгүй шилдэг бүтээл л авах ёстой учраас аливаа уран бүтээл тухайн байгууллагын урын санд орох нь ойлгомжтой, тоглогдох боломжтой сайн бүтээлүүдийг шигшиж авах нь журамд нийцнэ. Улсын санд худалдан авсан шилдэг бүтээлүүдийг аваад үзэхэд нэг ч тоглогдоогүй орхигдсон, сураглахаар зарим бүтээлийн ноот удирдвар нь олдохгүй байгаа нь харамсалтай санагддаг. Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг авахдаа, дөнгөж анх удаа тоглогдож байгаа биш, харин тэр жилдээ хэд хэд тоглогдсон, нийтийн хүртээл болсон, тухайн уран бүтээлч, байгууллагын урын санд баттай орох нь тодорхой шинэ бүтээл байх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Улсын санд авах шилдэг бүтээл нь “том хэлбэрийн бүтээл байх” заалттай учраас “Алтан намар” наадамд тоглуулж, симфони найрал хөгжимд л бичигдсэн бол симфони, найраглал хэмээн нэрлэж, эсвэл концерт, сонат, концертино гэж бүртгүүлж, зохиолынхоо тухай магтсан хандлагатай тайлбар маягийн зүйлс бичүүлж өгдөг болжээ.

Энэ жилийн “Алтан намар” наадам зохион байгуулалтын хувьд тун цэгцтэй болж, хаана ч тэр бүр байдаггүй хөгжмийн зохиолч, удирдаач, хөгжим судлаачид, хөгжимчид, урлагийн сургуульд суралцагч оюутнуудаас бүрдсэн “мэргэжлийн зритель” танхимд дүүрэн цуглаж, концерт яг цагтаа эхэлсэн зэрэг нь урьд өмнөхөөс дэвшилттэй хандлага ажиглагдсан юм. Мөн концертын хөтлөгч нь хөгжмийн зохиолчид болон хөгжим судлаачдыг үзэгчдийн танхимаас босгон танилцуулж, зохиолд өгсөн шүүмжлэгчийн тодорхойлолтыг товч дурдсан нь сонирхолтой байв.

Монголын мэргэжлийн хөгжмийн энэхүү томоохон наадмыг зохион байгуулахад том бүтээлүүдийг хөгжимдөх гол ачаалал Улсын филармонийн яруу найрал хөгжимд ноогддог. Ихэнх наадмуудыг эргээд санахад хэн нэгний зохиол бүтээлийг бараг сургуулилт хийгээгүй шахуу шууд унших маягаар тоглодог тохиолдол олонтаа байсан гэхэд хилсдэхгүй. Харин энэ жилийн наадамд тоглогдсон бүтээлүүдийг зохих хэмжээнд сургуулилсан, зохиол бүтээлийн гүйцэтгэл чанарт анхаарсан байдал зэрэг нь  эдгээр бүтээлүүдийг сонсоход тодорхой байсан юм. Энэ мэт дэвшилтэт ололтууд ажиглагдсан нь цаашид наадам маань сайхан зохион байгуулагдах төлөвтэй байгааг харуулж байна. Улсын санд худалдан авах шилдэг бүтээлд зүтгүүлэх зорилгоор биш зохиолынхоо чанарт анхаарч жижиг гэлтгүй дуу, аяз, дан хөгжмийн бүтээлүүдийг туурвиж наадамдаа тоглуулвал наадмын уран сайхны ач холбогдол улам  өндөрсөх бөгөөд наадмыг улам өргөн дэлгэр зохион байгуулж, олон улсын томоохон наадам болгохыг зорих хэрэгтэй байна.

Хөгжим судлаач Дашням овогтой Ариунаа /СУИС-Хөгжмийн Урлагийн Сургуулийн, Хөгжмийн онолын танхимын ахлах багш/

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404