Саид Моллаеи гэж хэн бэ
2019/12/02

Жүдо бөхөд төрөн гарч ирсэн тод одын нэг Саид Моллаеи 1992 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр төржээ.  Саяхныг болтол тэрбээр Ираны нэрийн өмнөөс тэмцээнд оролцож байсан.  2016 оны Олимпын наадамд 81 кг-ын жинд медалийн төлөө өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай бөхөөр нэрлэгдэж байлаа.  Учир нь тэрбээр 2015, 2016 онд Азийн аваргаас хүрэл медаль хүртэж, гран при тэмцээнүүдэд ч сайн оролцоод байсан юм.  Гэвч   эхний тойрогтоо Оросын бөх Хасан Халмурзаевт ялагдаж, олимпын наадмыг орхисон.  Тэгвэл 2017 онд Азийн аваргаас мөнгө, дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Улмаар 2018 онд Бакугийн ДАШТ-д түрүүлж, энэ жингийн шилдэг гэдгээ баталсан юм.

Гэхдээ Ираны тамирчин байснаараа тэрбээр амжилтаа хориулж, улс төрийн нөхцөл байдлын золиос болсон.  Энэ жилийн ДАШТ-д түүнд амжилтаа бататгах, дахин медаль хүртэх боломж байсан юм. Гэвч Ираны Жүдо бөхийн холбоо  Олон улсын жүдо бөхийн  холбоотой олимпын зарчмыг харилцан хүндэтгэх  тохиролцооноосоо ухарч, Токиогийн ДАШТ-д тамирчдаа оролцуулаагүй.  Тэд Израйлийн бөхтэй барилдахгүй гэсэн байр сууринаасаа ухраагүй юм. Харин Саидад Токиод аваргаа хамгаалах, цаашлаад 2020 оны олимпын наадмын эрхээ авах гээд олон зорилго байсан нь мэдээж. Тиймдээ ч тэрбээр холбооныхоо шийдвэрийг дагалгүй, ганцаараа Токиод ирж барилдсан.

Гэвч хагас шигшээд Бельгийн Маттиас Кассед ялагдаж, тэмцээнийг дуусгасан.  Үндсэндээ албаар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн талаар өөрөө мэдэгдсэн билээ.  Учир нь түүнийг ялбал Израилийн Саги Мукитай барилдах магадлал өндөр байж. Тиймдээ ч амжилтаа золиосолж албаар ялагдсан. Түүнийг Токиод байхад л Ираны Засгийн газар дарамталж эхэлсэн байна. Гэрт нь хүртэл очиж, тэмцээнээс гарга гэж дарамталсан төдийгүй Японд суугаа Элчин сайдын яамныхан өөрийг нь сүрдүүлж байжээ. Яах аргагүй нөхцөл байдлаас бол хагас шигшээ болон хүрэл медалийн төлөө барилдаанд ялагдахаас өөр сонголт байгаагүй аж.  Тэмцээн дууссаны дараа тэрбээр улс төрийн нөхцөл байдалдаа спортыг хутгаж байгаа Ираны Засгийн газрыг эсэргүүцэхээр шийдэж, Германд очиж, улс төрийн орогнол хүссэн юм.

Тэрбээр 2020 оны Олимпын наадамд ОУОХ-ны далбаан дор барилдахаар төлөвлөж байжээ. Саяхан болсон Осакагийн “Их дуулга” тэмцээнд Моллаеи IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны нэрийн өмнөөс барилдсан. Хагас шигшээд Японы бөхөд ялагдсан юм. Ердөө сарын өмнөхөн буюу 11 сарын 1-ий өдөр Германы талаас түүнд улс төрийн орогнол олгосон. Давхар ОУОХ-ноос Ираны Жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг хүртэл хассан юм. Ийнхүү Саид дүрвэгчдийн нэрийн өмнөөс Токиогийн олимпын наадамд оролцох боломжтой болоо байв.

Харин одоо түүнд Монголын нэрийн өмнөөс Токиод зодоглох боломж бий боллоо. Тэр Монголын иргэн болсон. Бүр Чиндаод болох мастеруудын тэмцээнд оролцохоор албан ёсны мэдүүлэгт багтсан байна. Уг нь иргэншлээ сольж байгаа тамирчны чансааны оноог хүчингүй болгодог дүрэмтэй. Харин Саидын тохиолдолд улс төрийн нөхцөл шалтгаан байсан учраас чансааны оноог нь хэвээр үлдээлээ. Ингэснээр тэрбээр 81 кг-ын жингийн чансааны 3-т бичигдсэн хэвээр үлдэж, мастеруудын тэмцээнд оролцох боломжтой болсон юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404