Цахим ертөнц дэх жендерийн ялгааг судалжээ
2019/11/29

 Дэлхий даяар интернэт хэрэглэгчдийн тоо өсч байгаа ч, эмэгтэйчүүдийн интернэт хэрэглээ эрчүүдийнхээс харьцангуй бага байгааг АНУ-ын Олон улсын харилцаа холбооны байгууллагаас мэдэгдлээ.
Тус байгууллагын гаргасан судалгааны үр дүн дэлхий нийтийн анхаарлыг татаж, цахим хэрэглээнд жендерийн тэгш байдлыг хангах асуудал чухал болоод байгааг Хятадын Синьхуа агентлаг онцолсон байна.
Дэлхий даяар 4.1 тэрбум хүн нэгэн цаг мөчид цахим орчинд аялж байдаг талаар Олон улсын харилцаа холбооны байгууллагын судалгаанд дурдсан байна. Гэвч хөгжиж буй улс орнуудын интернэт хэрэглэгчдийг хүйсийн байдлаар нь ангилж үзэхэд, эмэгтэйчүүдийн цахим хэрэглээ харьцангуй бага байгаа нь ажиглагджээ. Дэлхийн нийт эмэгтэйчүүдийн талаас илүү нь буюу 52 хувь нь интернэт хэрэглэдэггүй бол эрчүүдийн 42 хувь нь цахим орчноос гадуур байдаг гэсэн судалгааг тус байгууллагаас гаргасан байна. АНУ-аас бусад бүх улсад интернэт хэрэглэгч эрчүүд эмэгтэйчүүдээсээ олон байжээ.
Мөн Олон улсын харилцаа холбооны байгууллагын дата мэдээллээс харахад, интернэтийн хэрэглээ дэлхий дахинд өсч, нийт хүн амын 54 хувь буюу 4.1 тэрбум нь интернэтэд байнгын холбогддог байна. Харин 3.6 тэрбум нь цахим орчноос түр гарсан, эсвэл огт интэрнэт хэрэглэдэггүй хүмүүс байдаг ажээ. Интернэтийн хэрэглээ бага байдаг улс орнууд нь голдуу буурай хөгжилтэй улсууд бөгөөд эдгээр улс оронд 10 хүн тутмын ердөө хоёр нь л цахим орчинд холбогддог гэнэ.
Харин интернэтэд холбогдсон байдлыг тоног төхөөрөмжөөр нь авч үзвэл, “Цахим аялагчид”-ын дийлэнх нь гар утаснаасаа интернэтэд холбогддог байна. Тэр дундаа нийт гар утас хэрэглэгчдийн 96 хувь нь үүрэн холбооныхоо датаг ашиглаж, цахим ертөнцөд аяладаг ажээ. Үүнээс 93 хувь нь 3G эсвэл түүнээс дээш сүлжээний интернэт ашигладаг байна.
Гар утас хэрэглэгчдийн жендерийн ялгаа их байгаа улс орнуудад эмэгтэйчүүдийн интернэтийн хэрэглээ ч мөн бага байгааг судалгаанд дурджээ. Тиймээс эдгээр улс оронд эмэгтэйчүүдийн гар утасны хэрэглээг нэмэгдүүлснээр интернэт хэрэглэгчдийн жендерийн ялгааг бууруулж чадна гэж судлаачид онцолсон байна.
Техник, технологийн хөгжлийн эрин үед дэлхийн нийт хүн амын, тэрдундаа эмэгтэйчүүдийн бичиг үсэг тайлагдалтын байдлыг сайжруулах, мэдээлэл зүйн наад захын мэдлэг эзэмшүүлэх, интернэт болон электрон хэрэгсэл ашиглах ур чадвар олгох зэрэг арга хэмжээг олон улсын түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай байгааг судалгаанд дурджээ. Харин энэ ажлыг хэрэгжүүлэхэд Олон улсын харилцаа холбооны байгууллагаас гаргасан судалгаа том хөшүүрэг болно гэж шинжээчид үзэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404