ГАДИНБАЛЫН ЧАГДАРЖАВЫН МЭНДЭЛСНИЙ ОЙД ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
2019/11/29

Монгол төрийн нэрт зүтгэлтэн, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг, Халхын Хүрээний газрын бүгд хэргийг ерөнхийлөн захиран шийтгэх газрын дарга, Монгол Улсын Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны анхны Тэргүүн сайд, Олон монголчуудыг илбэн тохинуулах сайд, Түшээт засаг, хошой чин ван, Говь түшээ гүний хошууны Засаг ноён Гадинбалын Чагдаржавын мэндэлсэний 150 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын 265 тоот тогтоол гарсан.

20-р зууны эхэн үеийн Үндэсний эрх чөлөөний тэмцэл, хөдөлгөөн бол монголчуудын ухаан, сэтгэл зүрх нийлэн өрнөсөн их хувьсгал байсан юм. Түүнийг удирдан манлайлагчдын нэг, Монгол Улсыг тунхаглан зарлах их үйлсийг гардан зохион байгуулсан хүн бол алтан ургийн язгууртан Гадинбалын Чагдаржав байлаа. Тэрбээр бага залуу наснаасаа төрийн хэрэгт зүтгэсэн туршлагатай, бичиг соёлын өндөр боловсролтой, аливаад чигч шулуун шударга хандаж чаддагаараа нэрт гарсан Монгол төрийн зүтгэлтэн байжээ. Тийм ч учраас тэр олон ноёд, дээдсийн итгэлийг хүлээж Түр Засгийн газрыг толгойлон Монгол Улсыг тунхаглан зарлаж Богд хааныг эрдэнийн сууринд залж өнөөгийн бидний улсын эх суурийг сэргээн тавьсан үүргийг гүйцэтгэсэн юм. Богд хааны шадар итгэлт хүний хувьд анхны таван яамны нэг Сангийн яамны сайдаар томилогдон Монгол Улсын сан хөмрөгийг үүсгэн бий болгож, орчин үеийн санхүү, татвар, гааль, банк, эдийн засгийн бодлогийн үндсийг тавьсан юм. Мөн Г.Чагдаржав нь Тэргүүн сайд нараас ганцаар Өвөр Монголыг чөлөөлөх Таван замын байлдаанд оролцсон байдаг. Хожим 1914-1915 онд үргэлжилсэн Гурван улсын хэлэлцээрт эхнээс нь дуустал оролцсон Монголын талын төлөөлөгч байсан бөгөөд түүний хамтран үзэглэсэн гэрээ нь хожим Монгол Улсыг дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөх, Нэгдсэн үндэсний байгууллагад элсэн ороход чухал түүхэн баримт болж байсныг дурьдах ёстой. Тэрбээр Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэж цаг бусаар амиа өргөсөн хүмүүсийн нэг бөгөөд нас барахдаа дөнгөж 46 настай байсан юм.

Ойн хүрээнд олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөний хүрээнд 2019 оны 11-р сарын 29-ний Баасан гарагт нийслэл Улаанбаатар хотод Төрийн ордонд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах ба Төрийн түүхийн музейд хөрөг залах болон шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн арга хэмжээ болно. Мөн Үндэсний түүхийн музейд тус ойд зориулсан үзэсгэлэн олон түмэнд толилуулагдаж Дундговь аймгийн орон нутгийг судлах музейд зарим үзмэрийг байнгын булан болон байршуулахаар төлөвлөж байгаа юм. Үүнээс гадна 12-р сард Тэргүүн сайд, Түшээт засаг, хошой чин ван Г.Чагдаржавын төрсөн нутаг болох Дундговь аймагт, тус аймгийн Дэлгэрхангай суманд гэрэлт хөшөө босгож, олон нийтийг хамарсан хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулна. Мөн Г.Чагдаржавын талаархи Архивын ерөнхий газар болон бусад газарт үлдэж хадгалагдсан түүхэн баримтын эмхтгэлийн 2-дох боть ном хэвлэгдэн гарахад бэлэн болсон ба түүний хөрөг бүхий дурсгалын мөнгөн зоос гаргахаар Монгол банкнаас шийдвэрлэсэн юм.

Цаашид Чагдаржав сангаас олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа ба залуу үеэ эх оронч байх, түүх, түүхэн баатарлаг өвөг дээдсээрээ бахархах, тэдэн лугаа ухаалаг, бодлоготой, эв нэгдэлтэй хүн болж өсч хөгжихийн тухайд хувь нэмрээ оруулахаар ажиллах болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404