“The Hu” хамтлагт өнөөдөр “Чингис хаан” одон олгоно
2019/11/27

Их эзэн богд Чингис хаан мэндэлсний 857 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Монголын "The Hu" хамтлагийн 11 гишүүнд "Чингис хаан" одон хүртээнэ. Тус хамтлагийн менежер Брэндон Фрайзен "Чингис хаан" одон хүртэж буй анхны гадаад иргэн болох юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний 4 тоот зарлигаар, Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын багийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтсон юм.

 

"Чингис хаан" одонг нийт 11 эрхэмд олгоод буй. Энэ жилийн хувьд, анх удаа байгууллага, хамт олонд хүртээх журам гаргажээ. Ийнхүү The Hu хамтлагийн 11 гишүүнд тус одонг олгохоор болсон байна. Ингэхдээ, "Чингис хаан" одонг  жаазлан олгоод, хамтлагийн гишүүн бүрт  жижиг тэмдэг гардуулахаар болжээ.

 

"The Hu" хамтлагийн тухайд

Монголын язгуур хөгжмийг металь хөгжимтэй хослуулан өв соёлоо дэлхий нийтэд сурталчилж буй "The Hu" хамтлаг нь морин хуур, цуур, хэл хуур, товшуур зэргийг метал хөгжимтэй хослуулж, хөөмийн аялгуугаар чимж түүнийгээ "Хүннү рок" гэж тунхагласан нь хэдийн дэлхийн өнцөг булан бүр дэх рок сонирхогчдын сонорт хүрчээ. The Hu хамтлагийн 2018 оны намар YouTube цахим хуудаснаа цацсан "Yuve Yuve", "Wolf totem" хэмээх хоёр дууг нь ганцхан сарын дотор 25 сая орчим хүн үзсэнээр, олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн юм. Wolf totem дуу нь энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд Billboard-ын "Hard rock" дууны ангилалд тэргүүлсэн анхны монгол хөгжим болж тодорсон. 

 

 

Дээрх амжилтаар зогсохгүй, есдүгээр сарын 13-нд нээсэн тус хамтлагийн анхны "Гэрэг" цомог нь хагас сарын дотор борлуулалтаараа Billboard-ын жагсаалтыг тэргүүлээд байна. Харин хоёрдугаарт Өмнөд Солонгосын K-Pop урсгалын BTS хамтлагийн "Map of the Soul" цомог бичигджээ.  BTS хамтлагийн тухайд, БНСУ-ын эдийн засагт 2018 онд 3.54 тэрбум ам.долларын орлого оруулсан байна. Үүнээс үзэхэд, жилд 19 тэрбум ам.доллар эргэлддэг хөгжмийн зах зээлд Монголын хөгжмийн урлаг байр суурь эзлэх боломж байгааг бэлхнээ харж болно.

 

Хамтлагийн бүрэлдэхүүнд,

  1. МУГЖ Б.Дашдондог – Үүсгэн байгуулагч, продюсер,
  2. Ц.Надмидтулга – Менежер,
  3. Брэндон Фрайзен – Менежер,
  4. Ц.Галбадрах – Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмэй,
  5. Г.Нямжанцан – Төмөр хуур, цуур, хөөмэй,
  6. Б.Энхсайхан – Гал морин хуур, хөөмэй,
  7. Н.Тэмүүлэн – Товшуур,
  8. Г.Одбаяр – Бөмбөр,
  9. А.Жамбалдорж – Соло гитар,
  10. Б.Батхүү – Басс гитар,
  11. М.Өнөмөнх – Хэнгэрэг хөгжим гэсэн 11 хүн багтдаг.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404