Иргэд малын хулгайн гэмт хэргээс болж, хотоо харлуулах дээр тулаад байна
2019/11/22

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдийн өргөн барьсан “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэхээс татгалзсан талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэвлэлийхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монголын малчин иргэд малын хулгайн гэмт хэргээс болж, хотоо харлуулах дээр тулаад байна.

 Сүүлийн нэг жилийн туршид, 2017 оны эрүүгийн хуулийн шинэчилсэн хуулийн дагуу мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажил нь орон нутгийн цагдаа хүчний байгууллагуудаас давж, 2018 оны байдлаар малын хулгайн гэмт хэрэг 89 хувиар огцом өсөөд байна. Хэрхэн яагаад өсөж байгаа нь маш ихээр анхаарал татаж байна. 2017 оны эрүүгийн хуулийн шинэчилсэн хуулиар малын хулгайч нарт ноогдуулдаг ялын бодлого үнэхээр хөнгөрсөн. Тиймээс энэ хуулийг чангатгаж, ялын хэмжээг чангаруулах бодлогоор ажиллаж байж малын хулгайн гэмт хэргийг таслан зогсоохгүй бол малчдыг амжиргааны эх үүсвэрээс нь салгаж байна.

Миний хувьд 2019 оны 2 дугаар сараас эхлэн олон олон аймагт хэлэлцүүлэг зохион байгуулж, малчидтай ажиллан 918 санал дээр тулгуурлан нэгтгэж, энэхүү хуулийн төслийг өргөн барьсан. Гэтэл өнөөдөр эрх баригчид энэ хуулийн төслийг намайг өргөн барих гээд боловсруулаад хийж явж байх дундуур, хамтран боловсруулж өргөн барих гэсэн Х.Болорчулуун гишүүн лоббигоор миний санаачилсан хуулийн төслийг унагаалаа. УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хувьд зөвхөн хурдан удмын үйлдвэр сайтай морийг хулгайд алдсан тохиолдолд ялын хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн бодлоготой хандсан учир бид хоёр энэ өнцгөөс санал зөрөлдсөн.

Гэтэл тун харамсалтайгаар цөөнхийн бүлгийг дарангуйлж байна. Тэдний хувьд малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хуулийг хэн санаачилж, хэн өргөн барьсан нь чухал байгаа болохоос энэ хуулиар ялыг чангаруулах утга агуулга талаас нь огт ойшоолгүй, олонхийн кнопоор энэ хуулийг унагалаа” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404