Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүст эм олгох боллоо
2019/11/22

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн захиргаа, Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Эмзүйн албанаас 2019 оны гуравдугаар улирлын эмийн гүйцэтгэлийн тайланг үндэслэн эмийн тунгийн хэлбэлзэл, гемодиализ эмчилгээнд орсон болон өөр эмэнд шилжсэн шалтгаануудаас эмийн хэмнэлт үүссэн байна. Хэмнэсэн зардлаараа хүлээгдэж буй хүмүүсийг програф (такролимус) эмэнд хамруулах боломжийг бүрдүүлжээ.

Манай иргэд эрхтэн шилжүүлэн суулгуулах мэс заслыг 1998 онд Хятад улсад бөөр шилжүүлэн суулгуулж эхэлснээр хийлгэж эхэлжээ. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс насан туршдаа дархлаа дарангуйлах эмийг хэрэглэдэг. Бөөр шилжүүлэн суулгуулсан иргэдэд програф (такролимус) эмийг олгох зохицуулалтыг 2004 оноос эхлэн Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар эмчлэгч эмчийн жорын дагуу олгож эхэлжээ. УНТЭ улирал бүр эмийн тайлан тооцоог гарган Эрүүл мэндийн яаманд хүргүүлдэг аж. Энэ оны эхний гурван улирлын байдлаар Дархлаа дарангуйлах эмийг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хяналтанд нийт 500 гаруй хүн ууж байна.

Өнөөдрийн байдлаар 2018-2019 онд Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдээс УНТЭ-т эмийн хангалтанд орох хүсэлтээ өгсөн элэг шилжүүлэн суулгасан 33, бөөр шилжүүлэн суулгасан найм, Хавдар судлалын үндэсний төвөөс таван хүн хүлээгдэж байна. Эдгээр иргэдийн хувьд өмнө жил нь хэдэн сард хагалгаанд орсноос үл хамааран эмийн зардал нь дараа оны улсын төсөвт тусгагдаж, шинэ оны нэгдүгээр улирлаас нь эмийн хангалтандаа орох ёстой байдаг аж.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн удирдлага, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч мэргэжилтнүүд, эмзүйн албаныхан,эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн холбооны төлөөллийг хүлээн авч, хүлээгдэж буй нийт 46 хүний хүсэлтийг урьдчилан шийдвэрлэж 50 гаруй сая төгрөгийн эмийн олгож эхэлжээ. Мөн гадаадад эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хяналтанд эмээ ууж эхлэх боломжтой болсныг мэдэгдэж уулзалт зохион байгууллаа.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404