Оюутолгой ордын ашиглалтад МУ-ын эрх ашгийг хангуулах тогтоол батлагдлаа
2019/11/21

УИХ-ын чуулганаар "Оюутолгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх Засгйн газрын тогтоол"-ыг хэлэлцэж байна. Гишүүд үг хэлж, асуулт асуусаар байна. 

УИХ-ын гишүүн Х.Баделхан: 10 жилийн өмнө ярьж байсан. Оюутолгой, Тавантолгойн орд ашиглалтад орвол Монголын ард түмэн баяжина гэж. Энэ хоёр орд ашиглалтад орсон, ард түмэн ядуу хэвээрээ байна. Оюутолгой дэлхийн хамгийн том ордуудын нэг. Хүмүүсийн ярьж байгаагаар Оюутолгойн дор Нью-Йорк хотын хэмжээтэй тэнцэхүйц алт байгаа гэдэг. Гэвч энэ их баялгын үр өгөөж туйлын хангалтгүй. Тухайлбал, Оюутолгойн улсын төсөвт оруулж байгаа орлого Эрдэнэт үйлдвэрийнхээс хоёр дахин бага байна. Үүнд ард түмэн гомдолтой байгаа. Тиймээс гэрээг дахин авч хэлэлцэж, сайжруулах зайлшгүй шаардлагатай.  Би хэдэн асуулт асуумаар байна. Гаргасан бүтээгдэхүүндээ бүрэн хяналт тавьж чадаж байгаа юу. Найрлагад байгаа алт, мөнгөний хэмжээг Геологийн төв лабораторид хянадаг л гэнэ. Хил дээр үнэхээр хянаж чаддаг уу. Оюутолгой тусгаар улс шиг байгаа. Гүйлгээ нь Монголбанкаар дамждаггүй. Нэг удаа УИХ шийдвэр гаргаад, буцсан.  Энэ ордын нөөцийг бүрэн тогтоож чадсан уу. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:  Гадагшаа гарч байгаа ашигт малтмалын хэмжээг гааль дээр бүрдүүлэлт хийдэг. Үнийг ч гэсэн бүртгэж авдаг. Тийм болохоор хэчнээн ам.долларын хэдэн тонн ашигт малтмал гарч байгаа талаар мэдээлэл Монголын талд байгаа.  Оюутолгой компани бол хамтарсан компани мөн. Гэвч нууцлалтай гээд Монголын талд үзүүлдэггүй олон баримт байдаг. Ашигт малтмалын нөөц, ТЭЗҮ,  ачуулсан барааны үнэ өртөг гээд олон нууц бий. Тиймээс бид ширээний ард суухдаа л асуудлыг шийдэж, хаалттай байдлыг арилгахын төлөө ажиллах учиртай. Гэрээг сайжруулах талаар ажиллаж эхэлсэн. Оюутолгой компани Засгийн газартай хамтарч ажиллаж эхэлсэн. Энэ тогтоолыг баталчихвал цаашид хамтарч ажиллах эрх зүйн үндэс бүрдэнэ.  

Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт: Оюутолгойн ордын ТЭЗҮ-ийг 2010 онд анх баталсан.  Дараа ньв 2015 онд шинэчилж баталсан. Ашигт малтмалын хуулийн дагуу 5 жил тутамд шинэчлэн батлах ёстой. 2015 оны баталсан ТЭЗҮ-ээр Оюутолгой 31.4 сая тонн цэвэр цэс, 1200 тонн алт, 7850 мөнгөний нөөцтэй гэж батлагдсан. Эрдэнэт үйлдвэрээс төсөвт орж байгаа орлоготой байнга харьцуулдаг. ГОК өсөн нэмэгдэх АМНАТ төлдөг.  Харин Оюутолгой болохоор бүтээн байгуулалтын шатандаа яваа болохоор арай бага байх. Цаашид аж ахуйн нэгжийн албан татвар төлөөд, далд уурхайн бүтээн байгуулалт бэлэн болчихвол үйлдвэрлэл, орлого 3 дахин нэмэгдэнэ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:  Оюутолгойн ордыг ашиглахтай холбоотойгоор төрийн бодлогыг дэс дараалалтай гаргаад явсан байдаг юм билээ.  Гар хөл болчихсон хүмүүс нь УИХ-ын шийдвэр гарах үед эвтэйхэн үг, үсгээ шургуулдаг.  2008 онд бид Оюутолгойн урд гарах боломж хайж, хууль гаргасан. Гэвч хуулийг нь өөрчлөөд, дахиад тэднийг урд гарах боломж олгосон. Одоо "Рио Тинто"-гийнхон бидний урд гараад, хөтлөөд явж байна. ТЭЗҮ-г өөрчлөх дээр туйлын анхааралтай баймаар байна. ТЭЗҮ-г дутуу хүлээж авсан. Тэгээд нөгөө хэтрэлтээ хийгээд байдаг. Одоо ТЭЗҮ-г өөрчлөхдөө туйлын анхааралтай хандуулмаар байна. 2012 онд хүртэл гаалиар орж ирсэн бүх баримтыг нь шалгаад үзэхээр, 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орсон. Гэтэл тэд 7.5 гээд байгаа. 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Их хурлын тогтоол гаргахыг дэмжиж байгаа.  Оюутолгой энэ байдлаар 100 жилийн хэрүүл болох нь л дээ. Өмнөх алдааг энэ УИХ, Засгийн газар засах үүрэгтэй болж байна.  УИХ тогтоолын төслийг батлах байх. Харьцангуй сайн тогтоол болсон. Ерөнхийлөгч энэ асуудалд анхаарал хандуулж, Үндэсний аюулгүй байдлыг хуралдуулж, зөв чиглэл өгсөн байна билээ. Би тогтоолын төслийг гуравдугаар зүйлд ач холбогдол өгч байгаа. Хоёр тал тохиролцоод, анхны гэрээг засах боломж байна гэсэн байна билээ. Анх гэрээ байгуулсан хүмүүс УИХ-аас чиглэл аваад, 34 хувийг Монголын талд авсан нь буруу байсан гэж хэлсэн. Үүнд л би анхаарлаа хандуулах ёстой. Бид үндсэндээ Оюутолгойд 1 тэрбум ам.долларын өртэй болчихсон.

Тийм учраас 34 хувиа Оюутолгойд өгөх хэрэгтэй. Өрөндөө суутгаж өг. Нэгэнт хийчихсэн гэрээ байгаа, түүнээс бултах арга байхгүй.  Тиймээс 34 хувиа өрөндөө өг. Харин одоо байгаа 5 хувь дээрээ дахиад 5 хувийн роаялти нэмээд явах боломж байна. Тухайн үеийн Лондоны металлын биржийн ханшаар тооцоод, татвараа авчихна. Ингэж чадвал Оюутолгойн ордоос 60-70 хувийн ашиг хүртээв явах боломж бидэн байна.  Тиймээс гуравдугаар зүйлдээ анхаарал хандуулаа.  Тэгвэл ТЭЗҮ-г хянах гээд байх шаардлага ч байхгүй. Гол нь бүх хяналтын байгууллага хяналтаа тавиад, бэлэн гарсан бүтээгдэхүүнээс нь роаялтийн татвараа аваад л явчих.  

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

Анх гэрээ байгуулах гэж байхад талхны зурагтай сурталчилгаа явсан. Талхны 70 хувь монголчуудад очно гэж байсан. Одоо үүнийг дүгнэх хэрэгтэй. Монголын талын 34 хувийн өр 1.4 тэрбум доллар болжээ. Гэтэл Оюутолгойн  хөрөнгө оруулалт 11.1 тэрбум доллар болсон байна. Бид өдөр бүхэн өр үйлдвэрлэдэг хувьцааны эзэд болсонд гайхаад байна. Анх 5.3 тэрбум долларын хөрөнгө оруулна гэж гэрээ байгуулсан хэрнээ 11.1 болсон нь ямар учиртай вэ.  Хамгийн том татвар төлөгчтэйгөө татварын маргаантай болсон. 3.2 тэрбум долларын санхүүгийн зөрчил гарсан гээд байж байна. 

Менежментийн үйлчилгээний төлбөрийг тооцоод үзэхээр Монголын талын өгөөжид менежментийн зардал сөрөг нөлөөлж байна. 2041 он гэхэд менежментийн зардал 2 тэрбум төгрөгт хүрэхээр байна. Хөрөнгө оруулалт хэрэв нэмэгдвэл хугацаа улам цаашилна. Иймэрхүү нөхцөл үүссэн тул тодорхой хэлцэлд орж, 34 хувийг яах вэ, цаашдаа яавал ашигтай байхаа ярьж, өөрчлөлт оруулах шаардлага байна.  ОТ-н хүлээсэн үүрэг биелээгүй байна. Наад зах нь жилд 130 сая доллар цахилгааны үнэд гадагш төлж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Авсан зээл 11.1 тэрбум долларын зээлээ бодохоор 2041 он хүртэл ногдол ашиг хүртэхгүй. Цахилгаан станц байгуулах заалтаа дунд нь бид нэг хүчингүй болгосон. Одоо тэр заалт хүчинтэй. ОТ компани ЦС байгуулахад 1.3 тэрбум доллараар барихаар байна. Эндээс гарах нэг кВт цахилгааны үнэ дэлхийд байхгүй санал болоод байна. Сэргээгдэх эрчим хүчнийхийг 500 сая доллараар барих санал Монголын консерциумууд өгсөн.  Татварын байцаагч шалгахаар бөөн зөрчил илэрдэг. Дубайн гэрээ байгуулахад татварын олон актыг хүчингүй болгосон ийм байдалтай байгаа.  Тиймээс уялдааг сайжруулж, хоёр тал хэл амаа ололцмоор байна.

УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа   Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталъя гэсэн томъёоллоор санал хураалаа. Санал хураалтад 46 гишүүн оролцож, 100 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа.   Уг тогтоолд Оюу толгойн гэрээг сайжруулж, хуульд нийцүүлэх талаар найман зүйлийг багтаасан юм.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404