УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: ОТ-н гэрээг болохгүй ээ гэж би анхнаас нь хэлж байсан
24 өдрийн өмнө

Монгол Улсын шүүхээс Дубайн гэрээг бүхэлдээ хууль зөрчсөн гэх шийдвэрийг гаргасантай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Шүүхийн шийдвэртэй холбоотой ярих зүйл алга. Ер нь, анх Дубайн гэрээг хийсэн нь буруу. Тухайн үед хамтарсан Засгийн газар байсан. Ч.Сайханбилэгийг Дубай явсан гэдгийг нь Засгийн газрын гишүүд нь мэдээгүй байсан. Тухайн үед энэ асуудлыг шалгах ажлын хэсэг гараад Д.Дэмбэрэл, Г.Тэмүүлэн бид хэд орсон. Буруу зүйл байна гэдгийг ч хэлж байсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө нэртэй ч гэрээг хүчингүй болгох, ТЭЗҮ-г ач холбогдолгүй болгосон гэрээ болсон юм.

Нууц байсан. Сүүлд ил болохдоо Дубайн гэрээ буюу Дубайд очиж хийсэн Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө бол Оюу толгойн гэрээний салшгүй нэг хэсэг болж гарч ирсэн. Өнгөрсөн онд Д.Тэрбишдагва гишүүн бид хоёр удаа дараа шаардаж байж УИХ-аас Оюу толгойн гэрээтэй холбоотой ажлыг шалгах Ажлын хэсэг гаргуулсан. Бүтэн жил нэг ч өдөр амралгүй ажилласан. Төрийн бүх шатны холбогдох байгууллагын хүмүүс Дэд ажлын хэсэгт орж ажиллаж дүгнэлт гаргасан. Уг гэрээ хууль зөрчсөн тул цуцлах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж УИХ-д өгсөн. Одоо УИХ-аас Засгийн газар руу чиглэл гаргасан тогтоол боловсруулах явц явагдаж байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж байгаа. Энэ долоо хоногт яригдах байх. Гэрээг болохгүй ээ гэж би анхнаас нь хэлж байсан. Монголын төр, ард түмэн ашиг болох нь бүү хэл өрөнд орох гэрээ шүү дээ. 57 дугаар тогтоолоор "Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Оюу толгойн хувь хэмжээг 50 хувьд хүргэ" гэсэн шийдвэр гаргасан. Түүнээс өмнө ҮАБЗ-ийн шийдвэр гарсан. Мөн л Оюу толгойн Монголын талын хувийг 51-ээс дээш хувьд хүргэ гэж гарсан. УИХ-ын 40 дүгээр тогтоолоор бас дээрхтэй ижил шийдвэр гарсан. Гэтэл өнөөдөр тэр 34 хувийг үнэ төлж авахаар болоод байна" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404