ХУД угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллуулж эхэллээ
2019/11/16

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан шахмал түлш хэрэглэдэг айл өрхүүдийн судалгаа авч, тэдгээрээс угаартах эрсдэл өндөртэй өрхүүдийг сонгон ханан пийшин, яндан, зуухны ан цав үүссэн, зай завсар зэргийг засварлах мэргэжлийн багийг өчигдрөөс ажиллуулж эхэллээ. Тус багийнхан өчигдөр дүүргийн дөрөвдүгээр хорооны таван айлын ханан пийшинд засвар үйлчилгээг газар нь очиж хийж ажиллалаа.

Хан-Уул дүүрэгт шахмал түлш хэрэглэдэг есөн хорооны 21000 гаруй өрх байдаг бөгөөд эдгээрээс 741 өрхийн зуух, яндан, ханан пийшингийн битүүмжлэл муу, ан цав үүссэн, зай завсар ихтэй гэх судалгаа гарсан. Үүнээс хамгийн эрсдэл өндөртэй 190 гаруй айлын яндан, зуух, ханан пийшингийн эвдрэл гэмтлийг  тогтоож, зуухны бүрэн бүтэн байдлыг хангах засвар үйлчилгээг газар дээр нь буюу гэрт нь очиж засварлаж эхэллээ.  

Эхний байдлаар эрсдэл бүхий 190 айлын ханан пийшин, зуух, янданг нь засварлан, ажиллах тус засварын баг галлагааны улирал дуустал ажиллаж, иргэдийг угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм.

Мөн дүүргийн айл өрхүүдэд шахмал түлшний хэрэглээ, галлагааны аюулгүй байдлыг хангуулах мэргэжлийн хамтарсан баг явж, түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаарх зөвлөмж, мэдээллийг хүргэн, зуухны эвдрэл гэмтлийг газар дээр нь засварлан ажиллаж байна. Ингэснээр шахмал түлш хэрэглэдэг Хан-Уул дүүргийн айл өрхүүд угаарын хийнд хордох эрсдэлгүй болж байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404