УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Үндсэн хуулийн өөрчлөлт, хэлэлцүүлгийг нь ч гурилдсан
1 сарын өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах гэж байгаа билээ. Хуралдаанаар АН-аас тавиад байсан сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг УИХ дэмжсэнгүй. Санал хураалтын дараа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэн үгийг хүргэж байна.

Тэрбээр "Үндсэн хуулийн өөрчлөлт мөлгөр болж байна. Хэлэлцүүлгийг нь ч гурилдсан. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн тайланд 163 мянган хүнээс санал авсан боловч миний явсан газар, уулзсан хүмүүсээс асуухад нэг ч хүн мэдэхгүй байна. Би зунжин, намаржин иргэдтэй уулзалт хийлээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахдаа ч гурилдаж байна. Өмнө нь олон хуулийн төсөл хэлэлцэх үеэр хурууны хээ танихгүй байна, кноп болохгүй байна гэж асуудал гаргадаг байсан. Гэтэл АН-ын саналыг хэлэлцэхэд яагаад хэн ч ийм асуудал гаргахгүй байгаа юм. 

Өндөр босгоор батлагддаг Үндсэн хуулийн асуудал дээр бүгд шантааж хийж байна. Миний тойргийг ингэ, тендер авч өг, асуудал шийдэж өг гэж бүгд Их хурлын дарга, бүлгийн дарга руугаа шантааж хийдэг. Ц.Даваасүрэн дандаа л үүдэнд сууж байдаг. Ирцэндээ орооч гэхээр ордоггүй. Ийм л байгаа шүү дээ. 

Үндсэн хуулийг батлахдаа бүгд гурилдаж байна. Нэр хүнд нь уначихсан Их хурлаар Үндсэн хуулийг батлуулж болохгүй гэж ард түмэн хэлж байна. Энэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ховдын Зэрэг, Өмнөговийн Цогтцэцийд байгаа хүмүүсийн амьдрал огт өөрчлөгдөхгүй. Зөвхөн энэ Их хуралд сууж байгаа хүмүүсийн дахин сонгогдох, сонгогдохгүй асуудал л байгаа болохоос ард түмний амьдралд хэрэг болох зүйл байхгүй. Та нарын тогтоосон дүрмээр сонгууль болно. Тэр үед ард түмэн дүнгээ тавина гэдгийг хэлье" гэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404