Агаар, орчны бохирдлыг бууруулахад метрополь хотуудтай харилцан туршлага солилцоно
2019/11/09

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан дэлхийн хотуудын агаарын чанарын ажиглагч /GUAPO/ байгууллагын захирал Элса Мартаяныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин болон НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек нар байлцав.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хатагтай Элса Мартаяныг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр “Агаарын бохирдлыг бууруулахад шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулахад метрополь хотуудтай туршлага солилцоход гүүр болж хамтарч ажиллахыг хүсэх байна” хэмээлээ.

Улаанбаатар хот дэлхийн хотуудын агаарын чанарыг ажиглагч байгууллагын гишүүнээр 2019 онд элссэн юм. Тус байгууллага нь дэлхийн метрополь хотуудын дундын мэдээллийн санг байгуулж агаарын чанарын талаар мэдээлэл цуглуулан, харилцан туршлага солилцдог аж. Мөн тус байгууллага нь улс орны нийслэл болон хотуудын олон талт харилцааг олон улсын түвшинд дэмжин ажилладаг байна.

Хатагтай Элса Мартаян дундын мэдээллийн санд Улаанбаатар хотын агаарын чанарын өнөөгийн мэдээллийг оруулахыг хүсээд бусад улс орнуудтай харилцан туршлага солилцоход дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв. Мөн Улаанбаатар хотын нэг дүүрэг хороонд агаарын бохирдлын судалгаа хийх туршилтын төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа хэллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404