Сангийн сайд Ч.Хүрэлбаатар боловсруулах үйлдвэрүүдэд татварын дарамт болохгүй гэж худлаа ярьсан
2019/11/08

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар боловсруулах үйлдвэрүүдэд татварын дарамт болохгүй гэж худлаа ярьсан‼️

Монголын баяжуулах үйлдвэрийн нэгдсэн холбооны төлөөлөл өнөөдөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой мэдээллээр хэвлэлийн хурал хийв.

Хуульч С.Баярмаа: “2019 оны ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлдөг байсныг өөрчлөөд, тухайн ашигт малтмалыг ашигласан, худалдсан, худалдахаар ачуулсан бүх этгээд шат дамжлаг бүрт нь АМНАТ төлдөг болгосон. Энэ нь эрдэс баялгын салбарын үйлдвэрлэлийн хөгжлийг боомилсон бодлого болсон гэж үзэж байна. Монгол улсад баяжуулах, боловсруулах үйлдвэр 39 байдаг. Энэ үйлдвэрүүдээс нэг үйлдвэрт л гэхэд 200-400 ажлын байр бий болно. Тэгэхээр нийт 8000-16000 мянган ажлын байр АМНАТ-аар байхгүй болох эрсдэл бий болчихоод байна гэлээ.

2018 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2019 оны гуравдугаар сарын 26 хүртэл энэ асуудал нийтдээ найман удаагийн ээлжит бус хурлаар орсон. /Эдийн засгийн байнгын хорооны дөрөв, чуулганы дөрөв/. Гэтэл нийт 376 хуудас тэмдэглэл дээр нэг ч удаа баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээс АМНАТ авья гэж яригдаагүй. Зөвхөн Алтны рояалтиг 2.5 хувиар сунгах уу, 5 хувь болгох уу гэдэг асуудлыг 376 хуудас ярьсан. Гэтэл хууль батлахдаа “тусгай зөвшөөрөлтэй этгээд” гэдэг үгээ авчихсан. Энэ бол хэлэлцээгүй асуудлаараа шийдвэр гаргасан гэхэд хилсдэхгүй. Ингэхээр эрдэс баялгын салбарын бүх баяжуулах, боловсруулах үйлдвэр АМНАТ төлөх болчихож байгаа юм.” гэв.

Ашигт малтмалын тухай хууль /АМТХ/-ийн зарим заалтыг Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосоноор 2020 оны төсөв 1.3 их наядаар тасарна гэж Сангийн сайд мэдэгдээд байгаа. Мөн АМТХ-ийн өнгөрсөн гурван сарын өөрчлөлт аж ахуйн нэгжүүдэд огт дарамт болохгүй гэж мэдэгдсэн. Харин түүний энэ мэдэгдлийг Уул уурхайн компаниуд, баяжуулах үйлдвэрүүдийн нэгдсэн холбооноос үгүйсгэж, "Сангийн сайд улс төржиж байна" гэв. Тэд АМТХ-ийн өөрчлөлт нь олон аж ахуйн нэгжийг татварын дарамтанд оруулж, дотооддоо эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхгүй байх, олон аж ахуйн нэгжийг хаалгаа барихад хүргэнэ гэж үзэж байна. Учир нь АМНАТ-аас гадна давхар татварыг боловсруулах, баяжуулах үйлдвэрүүд, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс авч байна. Ингэснээр төмрийн хүдэр боловсруулагчид л гэхэд ямар ч ашиггүй ажиллах нөхцөл бүрдэж байна гэлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар НӨАТ, АМНАТ-ийг андуурч, хольж ярьж байна. Учир нь Сангийн сайд мэдээлэл хийхдээ боловсруулагч компаниуд татварын буцаан олголтоо авч байгаа учир ямар ч хохирол амсахгүй, ачаалал болохгүй гэж мэдэгдсэн юм. Гэвч Аж, ахуйн нэгжүүд НӨАТ-ын буцаан олголт авдаг болохоос биш АМНАТ-тай огт холбоогүй ажээ. Харин АМНАТ-ыг авахдаа бүр давхардууж авах нөхцөл үүссэн гэж тэд үзэж байна. Тиймээс иргэд олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл хийж сонгуульд зориулсан төсвөө бүрдүүлэхийн тулд Аж Ахуйн нэгжүүдийг дарамтлахгүй байхыг хүсч байгаагаа илэрхийллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404