Д.Одбаярыг 10 хоног тус улсаас гарахыг хориглож, хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болжээ.
2019/11/07

БНСУ-ын Инчеон хотын цагдаагийн газарт Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц /ҮХЦ/-ийн дарга Д. Одбаярын байцаалт 11 цаг орчим үргэлжилсний эцэст өнгөрсөн шөнө 01.00 цагийн орчимд өндөрлөжээ. Түүнийг 10 хоног тус улсаас гарахыг хориглон, хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болсон байна. Мөн тэрбээр эхэндээ бүгдийг үгүйсгэж байсан ч байцаалтын явцад зарим нэг буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэдгийг албан ёсны эх сурвалжууд мэдээлжээ.

Гэрч, хохирогчдын мэдүүлснээр, Д.Одбаяр болон А нар нь тухайн өдөр согтуурууах ундаа хэрэглэсэн байсан ба Д.Одбаяр нь онгоцны ариун цэврийн өрөөний ойролцоо 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн гуянд хүрсэн бол А нь хэд хэдэн удаа шар айраг өгөхийг шаардан өөр нэгэн үйлчлэгч бүсгүйг мөрөөр нь тэвэрч бэлгийн дарамт учруулсан гэгдэж байгаа юм. Мөн Д.Одбаяр нь тухайн үед шаардлага тавьсан нисэх байгийн ажилтныг хана руу түлхэж, орчуулга хийхээр ирсэн KAL-ын ажилтан монголын иргэн Б-г “Намайг ҮХЦ-ийн дарга гэдгийг мэдэх үү. Шууд орчуулаадах. Чи хаана амьдардаг юм. Би чамайг монголд очоод зүгээр өнгөрөөхгүй” гэх мэтээр сүрдүүлсэн гэсэн мэдээллүүд байна.

Анх Д.Одбаяр нь Инчеоны нисэх буудлын цагдаа нарт саатуулагдаад байхдаа дипломат халдашгүй эрхтэй гэж хэлээд суллагдсан байдаг. Харин дараа нь тус улсын Гадаад харилцааны яамнаас түүнийг дипломат эрх эдлэхгүй, түүнийг суллаж явуулах ёсгүй байсан гэсэн мэдэгдлийг хийсэн.

Энэ удаад Инчеоны цагдаагийн газар Гадаад харилцааны яамнаас түүнийг дипломат эрх эдлэхгүйг батлах албан ёсны баталгааг гаргуулсан гэв. Гэвч Монгол Улсын талаас түүнийг дипломат эрхтэй гэдэг байр суурийг баримталсан хэвээр байгаа юм.

Харин түүнтэй хамт явсан А-ийн хувьд түүнийг баривчлах шийдвэр гарчихсан, БНСУ-ын хилээр орж ирсэн даруйд баривчлан саатуулж, мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлэх аж. БНСУ-ын зүгээс энэ хэрэг дээр Сөүл дэх Монгол Улсын элчин сайдын яамтай хамтран ажиллахаар болжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404