Ч.Хүрэлбаатар: АМНАТ дээр Цэц очиж зааваарч наалдсан
2019/11/06

АМНАТ-ыг хүчингүй болгосон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг Засгийн газар засах боломжгүй аж. Харин УИХ Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар зохицуулалтыг хийхээр ажиллаж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

 -Өнгөрсөн жилүүдэд АМНАТ-аас хэдэн төгрөгийн орлого төвлөрүүлсэн вэ?

 -2018 онд 1 их наяд 64 тэрбум төгрөг, 2019 оны эхний 9 сарын байдлаар 1 их наяд 94 тэрбум төгрөгийн АМНАТ-ын орлого улсын төсөвт хуримтлагдсан. Харин 2020 оны төсөвт АМНАТ-аас 1.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тусгасан. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж энэ орлого эргэлзээтэй болоод байна.

  -Нүүрсээ боловсруулж зарвал илүү үнэд хүргэнэ. Гэтэл боловсруулж байгаа компаниудыг дэмждэггүй гэсэн шүүмж бас гарсан?

 -Нүүрс экспортолж байгаа тохиолдолд НӨАТ-ыг 0 хувиар авдаг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн явцад төлөгдсөн НӨАТ-аа боловсруулах үйлдвэр бүгдийг нь буцааж авдаг гэсэн үг. Миний ойлгож байгаагаар Страто ХХК одоо улсаас 3.2 тэрбум төгрөгийг буцааж авах хүсэлтээ өгсөн байгаа.

-Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг Цэц хүчингүй болгосон. Үүнтэй холбоотойгоор төсвийн орлого буурна гэж та хэлсэн ч зарим хүмүүс өөр тайлбар хэлээд байна?

-Энэ зүгээр нэг асуудал биш. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэрийг Цэц гаргасан. Яагаад гэвэл Үндсэн хуульд хөрсөн доорх ашигт малтмал ард түмний мэдэлд, төрийн өмч байна гэж заасан. Олон улсын нэр томъёогоор рояалти Монголд бол АМНАТ гэсэн татвар авдаг. Тэгвэл Цэцийн шийдвэрээр энэ төрлийн татварыг хэн төлөх вэ гэдэг нь тодорхойгүй болсон. Дээр нь хувь хэмжээг зохицуулсан бүх заалтыг нь аваад хаячихсан. Ийм хоёр том шийдвэр гаргасан. Ингээд Монгол Улсад 2020 оны төсөв дээр 1.3 их наяд төгрөгийн төсөв төвлөрүүлнэ гэж байсан орлого эргэлзээтэй болсон. Үүнээс гадна 2018 оны төсвийн гүйцэтгэлээр нэг их наяд 64 тэрбум төгрөгийн АМНАТ-ийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. 2019 оны эхний есөн сарын байдлаар төсөв дээр нэг их наяд 94 тэрбум төгрөг хуримтлагдсан байсан татварыг хүчингүй болгосон.

 -Уул уурхайн салбарынхан цэцийн шийдвэрийг гайхаж  хүлээж авсан.

 -Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүддээ баярлаж байна. Яагаад гэвэл тэд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу АМНАТ-ыг төлөх ёстой татварыг гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байна. АМНАТ-ыг төлнө гэж байгаа бүх аж ахуйн нэгжүүддээ баярлалаа. Энэ бол үнэхээр эх оронч сэтгэл мөн.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404