Д.Одбаярыг мэдүүлэг өгөхгүй юм бол хэргийг прокурорт шилжүүлнэ гэж мэдэгдлээ
2019/11/06

БНСУ-ын Хүний эрхийн үндэсний комиссын 2018 оны тайланд "Солонгос ажилтнуудын 70 орчим хувь нь удирдлага болон хамт ажиллагсдын зүгээс ажлын байрны дарамтад өртдөг боловч хохирсон ажилтнуудын 60% нь үүний эсрэг ямар нэгэн арга хэмжээ авдаггүй талаар дурджээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр аравдугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн “KAL”-ийн нислэгээр нисч байхдаа онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан талаар мэдээлэл гарсан. Тэрбээр Индонезид болох “Олон улсын Цэцийн гишүүдийн хурал”-д оролцохоор явж байсан бөгөөд түүнтэй хамт зорчиж явсан 42 настай А гэгч нь мөн өөр нэг үйлчлэгч бүсгүйн мөрөөр тэвэрч, бэлгийн дарамт учруулсан гэж мэдээлж байгаа юм.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Д.Одбаяр, А нар нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба Д.Одбаяр онгоцны ариун цэврийн өрөөний үүдэнд зөрсөн 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн гуянд хүрсэн бол тав орчим минутын дараа А гэгч нь өөр нэгэн үйлчлэгч бүсгүйг мөрөөр нь тэвэрсэн гэжээ. Ингээд нисэх багийнхан Инчеоны нисэх буудлын цагдаад мэдэгдсэн бөгөөд онгоц газардмагч нисэх буудлын цагдаа нар Д.Одбаяр болон А нарыг хоёрдугаар терминалаас баривчлан саатуулжээ. Гэтэл БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны хүмүүс ирж, Цэцийн дарга болон А нарыг дипломат халдашгүй эрхтэй, хуралдаа оролцоод буцаж ирэхэд нь мэдүүлэг өгүүлнэ гэж хэлээд суллуулсан байна. Онгоцны буудлын цагдаа нар тэдний үгэнд итгэн дипломат халдашгүй эрхтэй эсэхийг нь нарийвчлан шалгалгүй суллан явуулжээ. Ингээд Д.Одбаяр Индонез руу, А нь Сингапур руу ниссэн гэнэ.

Харин хожим нь БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас Д.Одбаяр болон түүнтэй хамт явсан хүнийг дипломат эрх эдлэх боломжгүй, учир нь тэд БНСУ-аар дамжин өнгөрсөн, дипломат эрх нь зөвхөн тухайн төлөөлөгчийг илгээсэн болон хүлээн авч буй улсад л хамаарна, тиймээс хэрэгт холбогдсон хүмүүсийг эргэж шалгана гэдгийг мэдэгдсэн.

Гэтэл Д.Одбаярын хувьд өөрийнх арын суудал сууж явсан монгол хүн ёс зүйгүй үйлдэл гаргасан, тэр хүнтэй андуурч байна гэх байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Мэдүүлэг өгөхгүй буцах юм бол хэргийг шууд прокурорт шилжүүлнэ

Энэ хэрэгтэй холбогдуулан Инчеоны Бүсийн цагдаагийн газраас өчигдөр /2019.11.04/ хохирогч гэх хоёр эмэгтэйгээс мэдүүлэг авсан байна. Хохирогч хоёр эмэгтэй тухайн үед айж сандарсан тухайгаа хэлээд Д.Одбаяр болон түүнтэй хамт явж байсан А нарыг шийтгэлээ хүлээгээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлжээ. Ингээд Инчеоны цагдаагийн газраас Д.Одбаяр болон А нарыг Индонезиос буцахдаа БНСУ-д ирж мэдүүлэг өгөхгүй нислэгээ өөрчилж, шууд Монгол руу буцах юм бол хэргийг шууд прокурорт шилжүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Тус улсын парламент 2019 оны нэгдүгээр сарын 15-нд Хөдөлмөрийн тухай хуульдаа анх удаа "workplace bullying and harassment" буюу ажлын байрны дарамт, хүчирхийлэлтэй холбоотой нэмэлт зохицуулалтыг баталсан бөгөөд энэхүү зохицуулалт нь 2019 оны долоодугаар сарын 16-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж байна.

Энэхүү өөрчлөлтөөр "ажил олгогч нь ажилтны гомдлоор ажлын байрны дарамттай холбоотой асуудлыг заавал шалгаж, хохирсон ажилтнаа хамгаалах хариу арга хэмжээг авах үүргийг хуульчилсан бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй ажил олгогчийг 30 сая хүртэл вон /60 сая₮/-р торгох эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих" шийтгэл ногдуулахаар заасан байна.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404