Э.Эрдэнэжамъян: Урвагчдад нэр дэвших эрх байхгүй
2019/11/05

МАХН “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг танилцуулж эхэлсэн.  Сонгуулийн хөтөлбөрийнх нь гол туг болсон энэ амлалтыг хэрэгжих боломжтой эсэх талаар нийгмийн итгэл үнэмшил хоёр талцаад буй. Энэ сэдвээр Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.  

 

“Өрх бүрт орон сууц хөтөлбөр” сайхан сонсогдож байна. Гэвч хэрэгжих боломж бий юу? Орон сууцанд орох, эсэх нь иргэдийн худалдан авах чадвар, цалин орлогоос хамаардаг. Ажилгүй, орлогогүй иргэд олон бий. Гарц байна уу? 

Монголын ипотекийн зээлийн систем  зөвхөн  зорилтот бүлэгт чиглэж ирсэн. 2013  оноос энэ хөтөлбөрийг эхлүүлж Монголбанкнаас санхүүжилтийг шийдсэн. Ингэхдээ 80 м/кв-аар хязгаарласан нь баячуудад зориулаагүй хөтөлбөр болохыг  тодотгож байгаа юм. Нөгөөтэйгүүр урьдчилгаа 30 хувийг төлөх ёстой, зээлдэгч ажил эрхэлдэг, хамтран зээлдэгчтэй байх ёстой гэсэн шалгуур тавьсан нь  хөтөлбөрийг ядуучуудад зориулаагүй гэдгийг илтгэдэг. Өөрөөр хэлбэл, хүн амын дундаж орлоготой хэсэгт зориулсан энэ хөтөлбөр үндсэндээ хэрэгжээд дууссан. 100 мянга шахам айл өрх энэ хөтөлбөрт хамрагдсан. Тиймээс  өнөөдөр барилгын компаниуд баячуудад зориулсан байр бариад ч, ядууст зориулсан байр бариад ч зарагдахгүй болчихож. Яагаад гэвэл, төрийн санхүүжилтийн  систем нь  зөвхөн дундаж давхаргад зориулагдсан. Тэднийг  орон сууцжуулсан  нь сайн ч одоо ядуучууд руугаа харах  цаг болжээ.

Тэр илүүдчихээд байгаа нийлүүлэлтийг яаж эрэлтэд нийцүүлэх боломж байна вэ?

Жишээ нь манай урд хөрш олон сая иргэнээ орон сууцанд оруулсан. Хаана ч шинэ хороолол, хот, тосгон барьсан 30 хувийг нь заавал ядуучуудыг оруулах санхүүгийн механизмаар дэмжиж өгдөг. Хөнгөлттэй зээл, 0 хувийн хүүтэй зээл өгөөд зогсохгүй  бага үнэ бүхий түрээсийн орон сууцанд бодлогоор оруулдаг. Нэн ядуу иргэдээ байранд оруулахдаа жилийн 100 гаруй юанийн хураамж буюу түрээс авдаг.  Түүнтэй харьцуулахад манай намаас дэвшүүлсэн түрээсийн  хөтөлбөр  харин ч өндөр үнэтэйд тооцогдоно. Өөрөөр хэлбэл, байрных нь мөнгийг заавал төлүүлнэ гэж  байна шүү дээ. 40 жилийн хугацаанд гэхээр хүн болгон байртай болж чадна. Монголд боломж бий. МАХН хэрэв төрд гарвал илүү олон ажлын байрыг  бий болгоно. Хэрэв тэгэх юм бол хүмүүс ажилтай, орлоготой учраас байрныхаа мөнгийг төлж чадна.

Энэ хөтөлбөрөө З.Баянсэлэнгийн хөтөлбөр гэж яагаад нэрлэх болсон юм?

З.Баянсэлэнгэ 1524 айлыг байранд оруулах эхлэлийг тавьж чадсан. Цаашид баян ч бай ядуу ч бай бүгд орон сууцанд амьдардаг болно. Энэ хөтөлбөрөө  бид З.Баянсэлэнгийн хөтөлбөр гэж нэрлэхээр ярилцаж байгаа. Одоохондоо нам дотроо төсөл байдлаар гэх үү дээ, ажлын нэр маягаар Баянсэлэнгийн хөтөлбөр гэж нэрлэдэг юм аа. МАХН ялснаас хойш буюу 2020 оноос хойш байранд орсон хүн бүхэн З.Баянсэлэнгийн эхлүүлсэн түрээсийн төлбөрөө байрныхаа үнэд тооцуулдаг системээр байранд орно. З.Баянсэлэнгэ л сайд байх үедээ эхлүүлсэн хөтөлбөр шүү дээ.

Одоо та нарын хөтөлбөр хэчнээн өрхийг хамрахаар төлөвлөж байгаа юм бэ?

Бид 20-30 мянган айлыг байранд оруулна гээд бүртгэж байна.

Хэр бодитой юм бэ? Яаж санхүүжилтийг босгох юм?

Ипотекийн зээлэнд 95 мянган айл хамрагдсан байдаг. Ипотекийн зээлд төсвөөс ямар ч мөнгө гараагүй. Монгол банкны мөнгөний бодлогоор хэрэгжсэн. Барьсан талд нь төсвөөр дамжуулж зээл олгосон. Харин худалдаж авч байгаа талд нь ипотекийн санхүүжилт гэж хэлээд үнэт цаас гаргаад нийлүүлсэн. Монгол банк гаргасан мөнгөө айлуудаас 20 жилийн дотор л хурааж авна. Яг тэрэнтэй адил. Түрээсийн орон сууцыг Монгол банкнаас мөнгө гаргуулна. Гэхдээ 20 жилийн хугацаа   богиндоод  байгаа учраас 40 жилд хувааж төлөхөөр тооцоолсон. Монгол банк алдагдалд орохгүй.  Нэг зарчим нь бид Монгол банкийг мөнгө хүүлэхгүй байхаар хууль журмыг нь гаргаж өгнө.

Урд нь  Монгол банк ипотекийн 8% ийн журам гаргасан. 5% ийг Монгол банк, 3% хувийг арилжааны банк авдаг байсан. 20 жилд 5%-иар хувиар хүүлчихээр 10 жилд 50%, 20 жилд 100% байхгүй юу. Ард түмнээс тийм их хэмжээний ашиг авч яах юм. Монгол банк бол Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж байгаа, макро эдийн засгийг зохицуулж байгаа учраас ашиг олох гээд байх хэрэггүй. Тэгэхээр одоогийнхоос илүү хямд зардлаар хүмүүс байранд орох боломжтой.

Энэ бүхнийг та их итгэлтэй ярих юм. 2020 оноос бид эрх барина гэж хэд хэдэн удаа хэллээ. Юунд найдаад байна вэ?

Би аливаа зүйлийг үндэслэлтэй ярьдаг. Судалгааг уншдаг. 2012 онд сонгуульд ороход манай нам 12%-ийн рейтингтэй байсан. 2016 онд 8%, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 8% байж байгаад өссөн. Харин одоо 20% ийн рейтингтэй байгаа. МАХН, МАН, АН гурван нам гурвуулаа 20% ийн рейтингтэй байгаа. Харин сөрөг рейтингээрээ АН 60%, МАН 40%тай байна лээ. Тэгэхээр хэзээч АН, МАН-ыг ард иргэд сонгохгүй. Тэгвэл манай сөрөг рейтинг 4 хөн %  байгаа. Сөрөг рейтинг багатай нам сонгуульд ялдаг.

Сонгогчдын сэтгэлзүй одоогоор эрүүлжээгүй л байна шүү дээ. Ялгаагүй гурил будааны, мөнгөний сонголт тодорхой хувьд байж л байна. Харин та нарт мөнгө байхгүй шүү дээ?

Хуулиараа ээлжит сонгуулийн жилд өр дарна, цалин нэмнэ, байгалийн баялгийг ард түмэнд өгнө гэж ярьж болохгүй.  Яагаад гэвэл МАН-АН-аас өөр нам, ард түмэнд амлалт өгөөд гараад ирж мэднэ гээд ийм хориг хязгаар тавьчихсан байгаа юм. Ард түмнийг ядуурлаас гаргана гэж амласан намыг сонгуулиас хасдаг улс байж болох уу. Тийм улс орон хөгжиж чадах уу. Тиймээс хийж хэрэгжүүлэх ажлаа одооноос амлаж байна. Судалгаа авч байна, тооцоо хийж байна.  “Байр өгнө. Өрийг тэглэнэ. Цалинг нэмнэ” гэх мэтийн зорилт, хөтөлбөрүүдийн цаана асар том эдийн засгийн бодлого, тооцоо судалгаа байгаа,  тодорхой онолууд дээр үндэслэж байгаа юм.  

Сонгууль дөхөөд ирэхээр АН, МАН-ынхан мөнгөтэй учраас 100 мянга,  200 мянга өгөх л биз. Гэхдээ байртай болох нь чухал уу эсвэл нэг удаа 200 мянган төгрөгтэй болох уу...

Боловсон хүчний хувьд МАХН байнга шүүмжлэл сонсдог. Тийм ч учраас зарим хүн намаасаа гараад танай руу гүйж ирдэг. Тэднийг одоо хүлээж авах уу?

Тэд нарыг хүлээж авах бараг боломжгүй л дээ. Мэдээж урваж шарвасан хүн буцаж ирээд УИХ-д нэр дэвших эрх байхгүй.  Үнэхээр намдаа буцаж элсэх хүсэлтэй байвал “манай намын боловсруулсан Дээд хуулийг уншиж, сайн танилцаж, чиг шугамыг хүлээн зөвшөөрөх ёстой”  гэсэн шаардлага тавьж байгаа. Манай намтай нэгдэх хүсэлтэй намууд ч байна. Улс орноо өөрчилж шинэчлэх хүсэлтэй зоригтой олон залуус ч ирж байгаа.

Албан тушаал эрх мэдэлтэй байхад ирсэн хүмүүс бол урвагчид л байдаг юм билээ. Ялсан үед сайхан зүйл яриад ирсэн хүмүүс ялагдаад 1 сар ч болоогүй байхад яваад өгдөг юм билээ. Энд тэнд очоод дарга болчихсон л явцгааж байна. Тэгэхээр одоо МАХН-д элссэн хүмүүс бол цагийн шалгуурыг давж, улс орноо үндсээр нь өөрчилнө гэсэн бодолтой хүмүүс байгаа.

Та намуудаас нэгдэхээр ирсэн гэлээ. Одоогоор хэчнээн нам, угшил нэгдээд байна?

Мэдээж 2011 онд шинэчлэгдэн байгуулагдсан цагаас хойш МАХН суурь болж байгаа. Манай намд  ИЗНН, МАН, АН зэрэг намуудаас ирж нэгдсэн хүмүүс олон бий. Цаашид ч энэ нэгдэл улам томорч байна. Өнгөрсөн түүх, сайн муу дурсамжаасаа салаад, ирээдүйг харж, улс орныхоо хөгжлийг зорьж, зөгнөж төлөвлөж ирсэн хүмүүст бол манай намын үүд хаалга нээлттэй. Гол нь МАХН-ын үнэт зүйл, зарчим, соёлыг хүлээн зөвшөөрөөд, мөрийн хөтөлбөрийг судалчихаад орж ир гэж байгаа юм аа. 

За баярлалаа. Ажилд нь амжилт хүсье

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404