Говь-Алтай аймаг АТГ-аас хангалтгүй үнэлгээ авлаа
2019/11/02

АТГ-ын ажлын хэсэг Говь-Алтай аймгийн төрийн албан хаагч, иргэд олон нийтэд авлигын хор хөнөөл, авлигын эсрэг хууль тогтоомжоор сургалт, уулзалт зохион байгуулсан билээ. Мөн 2018, 2019 онуудад хүргүүлсэн албан зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь танилцсан ба зөвлөмжийн биелэлт хангалтгүй дүнтэй гарч байна. Зөвлөмжид тусгагдсан хангалтгүй хийгдсэн ажлуудыг дурдвал:

 

  • Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, журам зөрчсөн.

 

  • Орон нутгийг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сангийн зарцуулалтын талаар аудитын байгууллагаас өгсөн албан шаардлагын биелэлт хангалтгүй.

 

  • Орон нутагт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэй нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаагүй, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй “Алтайн хүдэр” ХХК-д хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ аваагүй.

 

  • Төрийн албан хаагчийн шударга байдлын түвшин үнэлгээг сайжруулах чиглэлээр үр дүнтэй ажил зохион байгуулаагүй.

 

  • Иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт хангалтгүй, зөрчлийг арилгах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ аваагүй.

 

  • Албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж төрд хохирол учруулсан гэх мэт зөрчлүүд түгээмэл байна.

 Ажлын хэсгээс аймгийн удирдлагуудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн нийт төрийн байгууллага анхаарах, байгууллагуудын хамтын уялдаа холбоог сайжруулах, дотоод хяналтын үйл ажиллагааг жигдрүүлэх, АТГ-аас хүргүүлсэн зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, зөрчлийг давтан гаргахгүй байхад анхаарах, удирдлагын манлайллыг дээшлүүлж, төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах чиглэлээр тусгайлан зөвлөгөө мэдээлэл өглөө.

 

 

Аймгийн иргэдтэй уулзалт зохион байгуулахад иргэдийн зүгээс ард иргэдэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажил хийж байгааг дэмжин сайшааж байсан ба жирийн нэг төрийн албан хаагчийг шалгахаас илүүтэй төрийн өндөр албан тушаалтнуудын үйлдсэн хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах, цаашид АТГ аймаг орон нутагт салбар нэгжтэй болох, мөрдөн байцаагч нарын тоог нэмэгдүүлэх шаардлагатай зэрэг үнэтэй саналуудыг хэлж байв. Мөн иргэд цаашид авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг дэмжиж, аймаг орон нутгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, төсвийн хөрөнгөд хяналт тавих зэргээр иргэний оролцоог нэмэгдүүлэхээ амлалаа.

 

Эх сурвалж: АТГ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404