Томоохон уурхайнууд татвар төлөхгүй болж байна
2019/10/31

Үндсэн хуулийн цэцийн өчигдрийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт эцэг хуулийг зөрчсөн хэмээн үзэж, хүчингүй болголоо.

 Цэцээс Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзлээ. Нэг үгээр хэлбэл байгалийн баялаг ашиглагчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх шаардлагагүй болов.

  47 дугаар зүйл. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

47.1.Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.

 Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах тухай хуулийн энэ зохицуулалт нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, 19.1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн хэмээн үзэв.

 Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны энэ шийдвэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг уур бухимдлыг барлаа. Тэрбээр цахим хуудсанаа энэ шийдвэрийг эсэргүүцсэн хэд хэдэн жиргээ хийсэн байна. Тухайлбал, Ноцтой мэдээ... Үндсэн хуулийн цэцийн гишүүд ээ. Та нарын өнөөдрийн шийдвэрээр ашигт малтмалын нөөц ашигласны татвар үгүй болж төсвийн орлого жилд 1.3 их наяд төгрөгөөр буурахад хүрч байна. Товчхондоо Ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болж байна. Арай ч дээ!!! хэмээн бухимджээ. Мөн тэрбээр Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой, Цайрт минерал зэрэг бүх зэс, алт, нүүрс, төмөр, цайрын уурхайнууд ашигт малтмалын нөөц ашигласны татварыг төлөхгүй болж байгааг мэдэгджээ.

 

 Ингэснээр Ирээдүйн өв сан, тогтворжуулалтын сан зэрэг өрийг нь дарж, хуримтлал бий болгож, мөнгө цуглуулж байсан сангууд бүгд “будаа” болж байна. Сүүлийн хоёр жилийн хөдөлмөр “будаа” болох нь хэмээн Сангийн сайд уурлав.

 Уул уурхайн салбарт ажилладаг хүмүүс ч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг гайхаж байна. Тэд цэцийн энэ шийдвэр Монгол Улсад асар их хор хохирол, хямрал дагуулахыг хэлжээ.

 Монгол Улсын иргэн бүр газар ухаж, уурхай тэсэлж чадахгүй. Товчхондоо хүн бүр байгалийн баялгийг хүртэж чадахгүй. Харин байгалийн баялгаас хүртэх боломж нь татвар. Үүнийг хуулиар тогтоож, зохицуулдаг. Гэтэл Үндсэн хуулийн цэц энэ татварыг ҮГҮЙ болголоо. Уул уурхайн бизнес татваргүйгээр үйл ажиллагаа явуулах тогтолцоо руу орууллаа. Үндсэн хуулийн заалтыг хангасан нэрээр иргэний эрхийг хязгаарласан шийдвэрийг цэц гаргасан нь энэ. 

 Ирэх жилүүдэд цалин тэтгэвэр нэм хэмээн шаардах олон мянган хүний амыг хэрхэн таглах бол. Иргэдийн нийгэм, эдийн засгийн баталгааг Үндсэн хуулийн цэц хангаж өгөх үү?!

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404