Японы нэг сайд сонгогчдод бэлэг тарааснаасаа болж огцорлоо
2019/10/31

Японы Хуульзүйн сайд Кацуюки Каваи огцорсонтой холбоотойгоор тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ пүрэв гаригт ард түмнээсээ уучлалт гуйлаа.

 

Ингэснээр сүүлийн долоо хоногт сайд нар огцорсны төлөө Ерөнхий сайд нь уучлалт гуйж байгаа хоёр дахь тохиолдол бөгөөд өмнө нь Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Иссю Сугавара дуулианд нэр нь холбогдон огцорсны улмаас Абэ уучлалт гуйж байв.

 

"Энэ үнэхээр харамсмаар нөхцөл байдал. Би Японы ард түмнээс чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна" хэмээн Шинзо Абэ мэдэгджээ.

 

Ийнхүү мэдэгдэл хийхийн өмнө Каваи сайдын огцрох өргөдөлд Абэ гарын үсэг зурсан байна. Ар араасаа сайд нар огцорч байгаатай холбоотойгоор алдсан ард түмний итгэлийг олж авахын тулд сайд нарын танхим боломжтой бүгдийг хийнэ гэж Шинзо Абэ цохон тэмдэглэжээ.

 

Энд дуулгахад, Японы Хуульзүйн сайд болон түүний эхнэр болох Парламентын дээд танхимын депутат сонгуулийн кампаниот ажлынхаа үеэр штабуудынхаа хөрөнгийг зүй бусаар зарцуулан, хууль зөрчсөн гэх мэдээлэл Японы нэгэн сонинд энэ долоо хоногт нийтлэгдсний дараа сайдыг тойрсон дуулиан эхэлсэн байна. Сайдыг эхнэрийнхээ хамт кампанит ажлын зарим ажилтнуудад өгөх урамшууллыг хэтрүүлсэн, тойргийнхоо оршин суугчдад хүнсний ногоо бэлэглэн, сонгогчдыг "хахуульдсан" гэж буруутгажээ.

 

Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногт Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Иссю Сугавара огцорсон. Түүнийг мөн л сонгогчдод бэлэг тараасан хэргээр буруутгасан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404