Л.Оюун-Эрдэнэ: “Найрамдал” зуслангийн газарт баригдсан зарим барилгыг нураана
2019/10/30

Засгийн газар өнөөдөр тогтоол гаргаж, “Найрамдал” зусланг улсын төсөвт байгууллага болгов.

Л.Оюун-Эрдэнэ: “Найрамдал” зуслангийн газарт баригдсан зарим барилгыг нураана.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэгдсэн асуудлын нэг болох замбараагүй газар олголтын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Энэ хүрээнд “Найрамдал” зуслангийн газарт 100 гаруй ААН-д газар олгосон асуудлыг цэгцэлж, зарим барилгыг нураахаас өөр аргагүй болсныг хэлэв. Мөн Засгийн газар өнөөдөр тогтоол гаргаж, “Найрамдал” зусланг улсын төсөвт байгууллага болгож байгааг мэдэгдлээ.

Замбараагүй газар олголтыг цэгцлэх хүрээнд Засгийн газар ирэх долоо хоногт нийслэлийн ЗДТГ-т ажиллах юм байна.

Тухайлбал, нийслэлийн Засаг даргын захирамжаар Хөрөнгийн биржийн баруун талын газрыг таван жилээр Улаанбаатар хотын банканд өгсөн бол УЭДТ-ын зүүн талын 0.04 га, МУИС-ийн өмнөх 0.12 га зэрэг нийтийн эзэмшлийн талбайд газар эзэмших зөвшөөрөл олгосноос гадна Төрийн тусгай хамгаалалт бүхий Их Тэнгэрт хувийн хэвшил хөрөнгө оруулаад барилга барьж эхэлсэн байгааг цэгцэлнэ гэдгийг дурдлаа.

Түүнчлэн аялал жуулчлалын зориулалтаар газар авчихаад орон сууц барьсан Зайсан орчмын газрыг мөн цэгцэлнэ гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд дуулгалаа. Тэрбээр “Зөвшөөрөлгүй обьектуудыг буулгахаас өөр аргагүй. Зайсан орчимд орон сууц барих албан ёсны зөвшөөрөл олгогдох боломжгүй. Ингэж цэгцлэхэд хэн нэгний эрх ашиг хөндөгдөнө. Гэхдээ ингэж байж цаашид зөв жишиг тогтоно. Үгүй бол Улаанбаатар хот төлөвлөж болохооргүй, ачааллаа дийлэхгүй болно. Хууль бус зөвшөөрөл өгсөн хүмүүс хариуцлага хүлээх ёстой” гэлээ.

Түүнчлэн БНХАУ-ын компанид хүлэмжийн зориулалтаар 50 га олгох тухай асуудлыг “гүтгэлэг” гээд “50 га-тай холбоотой асуудал байгаагүй, цаашид ч байхгүй” гэлээ.

Газрын зөвшөөрлийг цэгцлэх хүрээнд Ерөнхий сайд өнөөдөр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БХБ-ын сайд Х.Баделхан нарт газрын зөвшөөрлийн талаарх бүх бичиг баримтыг бэлтгэхийг үүрэг болгожээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404