ИРГЭД САНАЛ, БОДЛОО ИЛЭРХИЙЛЭВ
2019/10/30

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллах удирдамж, хөтөлбөрийн дагуу Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн чиг үүрэг болон сүүлийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, авлигаас урьдчилан сэргийлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, шударга ёсыг тогтооход олон нийт хэрхэн оролцож, хяналт тавих талаар танилцуулга, мэдээлэл хийх, иргэдийн санал, хүсэлтийг сонсох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгох зорилгоор “Олон нийтийн хяналт ба шударга ёс” сэдэвт уулзалт болон “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг зохион байгуулж, уг арга хэмжээнд 200 гаруй иргэн оролцлоо.

Уулзалт, өдөрлөгийн үеэр ИРГЭД шударга ёсыг тогтоох, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх талаар санал хүсэлт, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Сайншанд сумын иргэн н.Буян-Амгалан:

-Юуны өмнө Авлигатай тэмцэх газрын хүмүүс олон бүрэлдэхүүнтэй ирж, ийм ажил хийж байгаад би их баярлаж байна. Авлигатай тэмцэх газрыг би ажлаа сайн хийж байгаа, өөрийнхөө хэмжээнд. Харамсалтай нь эцсийн шийдвэр танайхаас гардаггүй.

Залуучуудыг соён гэгээрүүлэх ажлыг маш их хийх ёстой гэж би хувьдаа боддог. Мэдээж танай хүч хүрэлцэхгүй, ойлгомжтой. Эрх зүйн талаасаа ямар боломж байдгийг мэдэхгүй байна. Тухайлбал, Дорноговьд ч юм уу, соён гэгээрүүлэх чиглэлээр олон нийтийн, албан, албаны бус байгууллагыг байгуулж болохгүй уу? Энд харж байхад тэтгэвэрт гарсан маш олон улсууд сууж байна. Энэ улсууд бол маш их оюуны потенциалтай, ажлын маш их арга туршлагатай. Ийм хүмүүс өнөөдөр үндсэндээ гэртээ зүгээр шахуу л сууцгааж байгаа. Энэ хүмүүсийг зохион байгуулалтад оруулдаг ч юм уу, сайн дурын үндсэн дээр ч юм уу олон нийтийн байгууллага байгуулаад, тэгээд тэр залуучуудаа сургадаг баймаар байна.

Сайншанд сумын иргэн, ахмад сурган хүмүүжүүлэгч н.Төмөрмөнх:

-Алсын бодлыг бодож нэг санал хэлмээр байна. Дээр үед бол хүүхдийн хүмүүжлийн талаар онцгой анхаарч, системтэй хүмүүжлийн дадал хэвшил олгож байсан. Гэтэл сүүлийн үед нийгмийн хөгжлөөр арга барилыг нь өөрчлөөд, нийгмийн ажилтан гэдэг нэг орон тоо, мэргэжил гаргаад ирсэн. Энэ дээр дүн шинжилгээ хийх шаардлагатай болоод байна. Өнөөдрийн байдлаар, орон нутагт тийм байдаг юм уу, би бүгдийг нь гэж хэлж чадахгүй байна, радио телевизээр ярьж байгаа зүйлээс үзлээ, ер нь одоо сургуулиудын нийгмийн ажилтнууд хүүхдийн хүмүүжил рүү анхаарч байгаа юм байна. Энэ хоёр салчихаад байгаа юм биш үү. Анги удирдсан багш хичээлээ анхаарчихаад, хүмүүжлийг нь тэр нийгмийн ажилтан салгаж хийх гээд байгаа юм. Энэ салдаггүй юм шүү дээ, уул нь бол.

Зөв хүмүүжил, ёс суртахуунтай иргэнийг багаас нь бэлтгэхэд боловсролын салбар анхаарлаа хандуулдаг байх, төрийн албан хаагч нь сахилга, хариуцлагатай байж хууль тогтоомжоо ягштал биелүүлснээр авлигаас ангижрана хэмээн иргэд ярьж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404