Н.БАЯРТСАЙХАН: FATF-ЫН ЗӨВЛӨМЖИЙГ БИЕЛҮҮЛСЭН БОЛ ӨНӨӨДӨР БИЕ БИЕ РҮҮГЭЭ ХУРУУГАА ЗААГААД СУУХГҮЙ БАЙСАН
2019/10/25

 Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Тус төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

-Саарал жагсаалтад орсон асуудлаар асуулт асууя. Арилжааны банкууд өөрийн хөрөнгөө 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн эх үүсвэрээ тайлбарлаагүй нь саарал жагсаалтад орох үндэслэл болсон юм уу. Энэ асуудалд Монголбанк хяналт тавьсан юм уу. Саарал жагсаалтад орох гээд байна , тийм учраас Оюутолгой асуудлыг УИХ-аар хэлэлцэхгүй гэсэн асуудал УИХ-д яригдсан. Одоо Оюутолгой ХК 3000 туслан гүйцэтгэгч компанийн ажилчдаа халж байна, гүний уурхайгаа хийж чадахгүй байна. Гүний уурхайн ажлыг 30 сараар хойшлуулсан. Өртөг нь 2.4 тэрбум ам.доллараар нэмэгдсэн гэж яриад байгаа. Энэ нь саарал жагсаалтад ямар хамаатай юм бэ. Тусдаа асуудал холилдож яриад байгааг тодруулмаар байна. Хоёрдугаарт, Эдийн засгийн бодит өсөлт хэд байгаа юм бэ.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

-2017 оны тавдугаар сарын 24-ны өдөр манай улс ОУВС-д хамрагдах хөтөлбөрийн ажлыг эхлүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 14 арилжааны банкинд активын чанарын үнэлгээ хийлгэх ийм шаардлага байсан. Гаднын аудитын байгууллагын зөвлөгөө авч активын чанарын үнэлгээг хийсэн. Энэ шалгалтаар арилжааны банкууд 511 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдал илэрсэн. 511 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдлаа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор нөхөж дуусгах даалгаврыг Монголбанкнаас арилжааны банкуудад өгсөн. Энэ бол зургаан сарын хугацаатай даалгавар байсан. Ингээд дээрх хугацаанд 466 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө  зургаан банк нэмэгдүүлсэн. Капитал банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх алхам хийгээгүй учраас татан буулгасан. 466 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн банкуудын эх үүсвэрийг магадлан шалга гэдэг чиглэлийг ОУВС бидэнд өгсөн. Энэ дагуу магадлан шалгах аудитыг явуулж дуусгаад есдүгээр сарын 25-ны өдөр эцэслэж тайлангаа бэлэн болгосон.Банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр тодорхой болсон гэсэн үг.Саарал жагсаалтад орох асуудал  2019 оны наймдугаар сард Тайландад хуралдсан Ази, Номхон далайн бүлгийн нэгдсэн хуралдаанаар манай улсыг саарал жагсаалтад орох нөхцөл бүрдсэн байна, үүнээс гарах үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хийж аравдугаар сард болох FATF-ын хурлаар танилцуулаарай гэдэг шийдвэр гарсан. Гэтэл бид есдүгээр сарын 25-ны өдөр банкуудыг магадлан шалгасан аудитыг хийж дуусгасан байхад саарал жагсаалтад орсон асуудлыг банкуудын өөрийн эх үүсвэртэй холбож ярьж байгаад гайхаж байна. Хооронд нь  бүү холбо гэж хүсч байна. Банкуудыг магадлан шалгасан аудитын дүнг УИХ-д танилцуулахад бэлэн. Саарал жагсаалтаас гарахын тулд юу хийх вэ гэдгээ бид тохирсон.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Хоёр удаа бид саарал жагсаалтад орлоо. Гурав дахь удаа гэж байхгүй байлгүй дээ. Хар жагсаалтад орох байх. Хар, саарал жагсаалтын ялгаа нь юу юм бэ. 2011 оны ам.долларын ханш 2013 он хүртэл өсөхөд бид саарал жагсаалтаас болсон. Одоо дахиад л ам.долларын ханш хэлбэлзээд эхэллээ. Цаашид ам.долларын ханшид нөлөөлөх үү, үгүй юу. Хөөн хэлэлцэх хугацаа саарал жагсаалтад гай болох уу, гавьяа болох уу. Манай шинэ хоёр галзуу гишүүний мэдэгдлүүд саарал жагсаалтад нөлөөлсөн үү. Саарал жагсаалтад нөлөөлсөн шалтгаануудыг тодорхой мэдмээр байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

-Монголбанкны дэргэд Санхүүгийн мэдээллийн алба гэж байдаг.Энэ албанд сэжигтэй гүйлгээнүүдийг банкуудаас ирүүлдэг. Ингээд сэжигтэй гүйлгээ хийгдсэн тохиолдолд холбогдох хууль шүүхийн байгууллагууд руу хүргүүлдэг. Энэ төрлийн хэдэн мэдээлэл хүргүүлснийг манай санхүүгийн мэдээллийн төвөөс авах боломжтой. Энд нэг зүйлийг хэлэхэд, дэлхий ертөнц бидний талаарх мэдээллийг сошиалоос авч байна. Миний уулзсан олон улсын байгууллагын хүмүүс Монгол Улсад яригдаж байгаа асуудлуудыг сошил хэрэгслээр хянадаг болсон байна. Танай сошиал хэрэгслээр ийм ийм асуудлууд яригдаж байна гэж ярьдаг боллоо. Энэ тал дээр бид хаана хаанаа анхаарах цаг нь болжээ. Бид дотооддоо биесээ гүтгэж ярьсан зарим мэдээллээр олон улсын байгууллагууд зөв мэдээлэлтэй бус сошиал мэдээлэл үнэн гэж үзэж цааш мэдээллийг удирдлагууддаа танилцуулдаг юм байна гэдгийг би мэдлээ.

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Батчулуун:

-Манай алба мэдээлэх үүрэгтэй этгээдүүдээс гүйлгээний мэдээллийг хуулийнхаа дагуу хүлээж авдаг. Ялангуяа сэжигтэй гүйлгээнүүдэд дүн шинжилгээ хийж хангалттай сэжиг бүхий гэсэн гүйлгээний мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлдэг. Байгууллага тус бүрээр нь мэдээлэл өгөх боломжгүй. Нийтдээ энэ онд дотоодын эрх бүхий байгууллагуудаас санхүүгийн мэдээллийн албанд 1275 гүйлгээний мэдээлэл ирүүлсэн.

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг:

-Хар, саарал жагсаалт албан бус хэллэг. Өмнө нь өнгөөр ялгадаг тохиолдол байсан. Хар, саарал жагсаалтын шалгуурыг манайх хангасан байсан. Хар руу орно шүү, дэвшил гаргавал саарал руу оруулна гэж байсан. 2020 ондоо багтаад энэ хяналтаас гарахаар ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Ам.доллар өсөх эдийн засгийн нөхцөл байгаагүй. "Саарал жагсаалт"-аас л үүдсэн. Мэдээллээ нэг болгох хэрэгтэй. Гадаад өрийн асуудал байна. Валютын нөөцийн эх үүсвэрийг ганцхан Монголбанк бүрдүүлдэг гэж үзэхгүй байна. Экспортоосоо бүрдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр бид хоёр их наядын алдагдалтай төсөв батлах гэж байна. Энэ эрсдэлээ мөнгөний бодлого дээр тооцох хэрэгтэй. Энэ бүхнийг хэр тооцсон бэ?

Монголбанкны Ерөнхийлөчгч Н.Баяртсайхан:

-Саарал жагсаалтаас гарах арга хэмжээний төлөвлөгөөг ФАТФ-аас гаргаж өгсөн. Байгууллага нэг бүрээр хийх ажлыг нь батлах хэрэгтэй. ҮАБЗ-д 2017 онд би "хар, саарал жагсаалт"-д орох нөхцөл бүрдлээ гэж танилцуулсан. Энэ зөвлөмж дээр ярилцаад бие биенээ буруутгах гэж оролдоод байгаа зүйлсийг бүгдийг зааж өгсөн. Засгийн газар, Монголбанк, ТЕГ, ШЕЗ, АТГ үнэлгээнд дурдсан газруудыг үе шаттайгаар шийдвэрлүүлэх арга хэмжээ ав гэсэн. Энэ зөвлөмжийг биелүүлсэн бол өнөөдөр бие бие рүүгээ хуруугаа заагаад суухгүй байсан байх.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404