О.Баасанхүү “Ц.Нямдорж бол Үндсэн хууль зөрчсөн нь үнэн
2019/10/25

УИХ-ын чуулганы хуралдаан дээр сүүлийн үед О.Баасанхүү, Ц.Нямдорж нар жинхэнэ жүжиглэлийг харуулж байгаа гэхэд хилсдэхгүй.

Өчигдөрхөн гэхэд Нямка сайд “Баасанхүү. Сонсч бай. Би мафитай, яргачидтай тэмцэж байгаа нь үнэн шүү. Чи намайг бууж өгөхийг харна гэж бодож байгаа бол хэзээ ч үзэхгүй. Би бууж өгвөл төр бууж өгсөн, ард түмэн бууж өгсөн болно. Чи намайг буулгаж чадахгүй. Чиний бүрэлдэхүүнд ордог тэр мафи болон яргачидтай би тэмцэж байгаа. Чи намайг буулгаж чадахгүй ээ. Чи Эрүүгийн хуулийг ч ойлгодоггүй юм билээ. Би чам шиг юм байтугай, чамаас бусдад нь бууж өгч үзээгүй” гэж томоронгуут О.Баасанхүү ч бас хариуг нь:

-Айсан хүнд аргал хөдөлж, ичсэн хүн хүн ална гэдэг болж байна аа.Та бараг үхэх нь ээ, тээ. Өөрөө мафийн хүн байж тэр мафитайгаа өөрөө тэмцээд л. Жинхэнэ гэмт хэрэгтэн бол та өөрөө. Хорин жил гэмт хэрэгтэнтэй хамт яваа” гэж цодорч цодлов. Хавханд орсон шархтай хөлөө хэмлэх чоно мэт ярдаг хэдэр Нямдорж сав яаж хоосон буцаах вэ гэгчээр “Баасанхүү чиний санаачилсан хууль. Энэ бол чиний үйлдсэн гэмт хэрэг. МАХН, АН-тай хамтарч үйлдсэн гэмт хэргийн үр дүн ингэж гарч байгаа юм” гэхчлэн дайралцав. Тэд иймэрхүү дайралцаанаа бүр мэргэжлийн хэмжээнд УИХ-ын индэр дээрээс, зурагтын дэлгэцээр гарч буйдаа цаанаа нэг эрдэж бардсан шинжтэй хийцгээдэг. Тэрнээс ард түмэн, сонгогчдынхоо эрх ашгийн үүднээс жигтэйхэн их мэдлэг чадвартайдаа ч мэтгэлцээд байгаа юм биш шүү дээ.

 О.Баасанхүү “Ц.Нямдорж бол Үндсэн хууль зөрчсөн нь үнэн. Энэ асуудал чинь цааш явна. Монгол төрийн ажил ингэж явдаг байхгүй юу. Би яривал ярина шүү. Би ярихгүй байгаа. Даралтыг чинь өсгөөд хэрэггүй. Хэд хоног ч гэсэн амьд яваасай гэж хүсч байна. Өнөөдөр өөрийг чинь амьд яваасай гэж хүсч байна, балай минь. Монголын хууль чамайг татаж унагана. Чиний хийсэн бүх юмны араас Монголын хууль явна. Монголын хууль, Монголын төр мөнх. Чи бол Монголын төрийг бузарласан балай амьтан ” гэхэд хариуд нь Ц.Нямдорж “Зарим нэг нь чулуун зэвсгийн үеийн юм ярих нь холгүй байх шиг байна. Их хурал байнгын хороогоо удирдаж сурах хэрэгтэй. Энэ цадиггүй байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Сэтгэл мэдрэлийн эмнэлэг дээр үйл ажиллагаа явагдаж байгаа юм шиг эсвэл эрүүлжүүлэх дээр үйл ажиллагаа явагдаж байгаа юм шиг энэ хурал чинь болж байна. Одоо тэгээд нэг аальгүй этгээд гарч ирээд янз бүрийн юм яриад дайраад байдаг” хэмээн бухимдлаа илэрхийлж байсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404