Японд шинэ хааныг сэнтийд нь залах ёслол болж өнгөрлөө.
2019/10/23

Аравдугаар сарын 22-ны өдөр Японд шинэ хааныг сэнтийд нь залах ёслол болж өнгөрлөө. Нарухито хаан Японы 126 дахь эзэн хаан болж байгаа бөгөөд цаг агаар таагүй байсан, мөн байгалийн гамшгийн улмаас тус улс гашуудал дунд байсан ч шинэ хаантай мэндчилэхээр гадаадын иргэд төдийгүй япончууд олноор цугларчээ. 

Хаан сэнтийд залах ёслол Токио хотын Эзэн хааны ордонд болжээ. Ёслолын өмнө эзэн хаан болон түүний гэргий ордны гурван сүмийн нэгд мөргөл үйлдсэн байна. 


Нарухито хаан Японы 126 дахь эзэн хаан болсон бөгөөд түүнийг сэнтийд нь залах ёслолд хааны гэр бүлийн насанд хүрсэн бүх гишүүд болох 11 хүн оролцсон байна. 

Нарухитогийн эцэг 85 настай Акихито хаан нас дээр болсон шалтгаанаар хаан ширээгээ хүүдээ залгамжуулсан бөгөөд тавдугаар сард Нарухитог эзэн хаанаар зарласан юм. 
 


Нарухито хаан 59 настай. Түүний эх нь язгууртан гаралгүй анхны хатан хаан бөгөөд Акихито эгэл амьдралтай бүсгүйг ханиараа сонгосноор олон зууны  уламжлалыг эвджээ. Нарухито хаан Оксфорд болон Японы Гакусюинд боловсрол эзэмшсэн. Түүнд хаан ширээ залгамжлах хүү байхгүй, мөн эмэгтэйчүүдэд хаан ширээг залгамжлуулах хууль батлагдаагүй тул түүний дараа хаан ширээнд дүү Фумихито нь залрах юм. 

 

Уламжлал ёсоор шинэ хаан ард түмэндээ хандан үг хэлж, “Үндсэн хуулийн дагуу, Япон болон түүний ард түмний билэг тэмдэг болж, тэдний төлөө зүтгэнэ” хэмээн амлав. Ёслолын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэндчилгээ хэлж, үүнийгээ “Банзай” /10 мянган жил/ хэмээн гурвантаа хашгирчээ. 

 

Японы хааны гэр бүлийн гишүүд болон Ерөнхий сайдаас гадна ёслолд Уэльсийн ханхүү Чарльз, Данийн ханхүү Фредерик зэрэг гадаадын  хоёр мянга гаруй зочин оролцжээ. 


 

Өнөөгийн сэнтийд залах уламжлал 200 гаруй жилийн түүхтэй гэнэ. Өмнө нь ёслолд хятад өмсгөл өмсдөг байсан бол 1869 оноос эхлэн япон ёслолын хувцас өмсдөг болжээ. 

 

Эзэн хааны ордны албатууд хааныг урт удаан наслахыг ерөөн “Банзай” хэмээн хашгирч байна. 


Хаан ширээнд залах ёслолын дараа өргөн цар хүрээтэй парад болох байсан ч Хагибис хар салхины улмаас гашуудал зарласан тул парадыг 11 дүгээр сард зохион байгуулахаар хойшлуулжээ. 

 

 Японд шинэ хаан удирдаж эхлэх үеэс шинэ он тоолол эхлэдэг. Барууны тоололтой хослуулан шинэ тоолол ашиглах бөгөөд Нарухито хаан сэнтийд заларснаар “Рэйва” /эмх журам, хөг нийлэмж/ эрин эхэлж байгаа юм. Нарухито хааны эцэг Акихито хааны үед Хэйсэй эрин тохиож, 2019 оныг Хэйсэй эриний 31 дүгээр он гэж тоолж байсан бол шинэ хаан сэнтийдээ заларснаар Рэйва эриний анхдугаар он эхэлж байна. 



1947 оны Үндсэн хуулинд зааснаар  Японы эзэн хаан  тус улсын Үндсэн хуулинд зааснаар төр, ард түмний эв нэгдлийн билэг тэмдэгт тооцогддог. Харин бусад хаадтай харьцуулвал төрийн тэргүүний статусгүй байдаг юм. Японы эзэн хаан парламентын чуулганыг нээх, гадаадын өндөр дээд зочидтой уулзах зэрэг ёслолын арга хэмжээнүүдийг гүйцэтгэдэг байна

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404