Японыг дахин хоёр хар салхи дайрна
2019/10/22

Өнгөрөгч долоо хоногт нүүрлэсэн байгалийн гамшгийн уршгийг бүрэн арилгаж дуусаагүй байхад Японы эрэг рүү дахин хоёр хар салхи ойртож байна.

Японы цаг уурын газраас мэдээлснээр, "Нэогури" хэмээх хар салхи 10 дугаар сарын 22-ны өглөө гэхэд Японы баруун өмнөд болон Токио хотын өмнөд хэсэгт хүрэх төлөвтэй байна. Хар салхины хурд секундэд 45 метрт хүрэх бөгөөд салхины төв хэсэгт даралт 985 гектопаскаль байх аж. "Нэогури" нь энэ улиралд дэгдсэн 20 дахь хар салхи болж байгаа юм. Үүнээс гадна, "Буалой" хэмээх бас нэг хар салхи 10 дугаар сарын 26-ны шөнө Японы зүүн эрэгт хүрнэ. Хар салхины хурд секундэд 50 метрт хүрч болзошгүй гэж цаг уурчид анхааруулжээ.

Өнгөрсөн долоо хоногт Японы төвийн нутгийг "Хагибис" гэх хүчтэй хар салхи дайрсан билээ. Хар салхи үер, хөрсний гулгалт дагуулсны улмаас 79 хүн амиа алдаж, 10 хүн сураггүй алга болсонд тооцогджээ. Байгалийн гамшгийн улмаас гэмтсэн хүний тоо 400-д хүрсэн байна.

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404