Нийслэлийн Хоёрдугаар амаржих газар буюу “Хүрээ” амаржих газрын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, тус байгууллагыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр болсон “Хүрээ” амаржих газрын 60 жилийн ойн баярын хуралд оролцож, шагналыг гардуулан өгсөн юм.
“ХҮРЭЭ” АМАРЖИХ ГАЗРЫГ ШАГНАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, “Хүрээ” амаржих газрын 60 жилийн ойг тохиолдуулан эх нялхсын эрүүл мэндийг сахин хамгаалах, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэх болон Монгол Улсын хүн амын хөгжилд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагч, асрагч, эмч, сувилагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, “Хүрээ” амаржих газрыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг уншиж сонордуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Алтан гадас одонг тус байгууллагын туганд зүүж өгөв.